
АНУ-ын тагнуулын төв алба дэлхий даяар өдөрт 200 сая гар утасны мессежийг цуглуулж, хадгалдаг талаар BBC агентлаг мэдээллээ. Ингэхдээ тэдгээр хувь хүмүүсийн мэдээллийг хадгалж, заримыг нь гадагш цацаж байдаг ажээ. АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Эдуард Сноудений задруулсан мэдээлэлд үндэслэн дээрх тоо баримтыг гаргасан байна. Өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгч Барак Обама электрон тагнуулын програмыг өөрчлөхөө мэдэгдсэн юм. Иргэдийн мэдээллийг ийм олноор нь цуглуулах нь хувь хүмүүсийн нууцад халдсан гэдэг шүүмжлэлд өртөж буй учраас өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгаа. Одоо ашиглаж буй програмын тусламжтайгаар Америкийн жирийн иргэдийн мэдээлэл санамсаргүй цугларах тохиолдол цөөнгүй гардаг ажээ.