
Шаамар сумын нутгийн захиргаа өнгөрсөн жил Алтанбулгийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр баянбулаг”, “Гүн жоос” гэх хоёр компанитай гэрээ байгуулснаар энэ хэрэг эхэлжээ. Тодруулбал тэд сумын хогын цэгийг цэвэрлэх, дөрвөн тал хашаа барих, 2,1 км зам тавьж өгөөд оронд нь тухайн газрын хайрганаас авах гэрээ байгуулсан аж.
Гэтэл дээрх компаниуд хайргаа олборлочихоод ус тогтсон нүхэндээ хогийг нь булчихаад яваад өгчээ. Мөн гэрээнд заасан ажлууд болох дөрвөн тал хашаа барих зам тавих зэрэг ажлуудаа хийгээгүй байна.
Шаамар сумын иргэдийн ихэнхи хувь нь ногоо тарьдаг. Ийнхүү хог булсан нь гүний усыг бохирдуулж хүн малын эрүүл мэндэд аюул учруулахаас гадна тэдний тарьж ургуулсан ногоонд ч сөрөг нөлөөлөх юм.
Үүнийг нутгийн иргэд эсэргүүцээд хэдэн сарыг ардаа орхиж байгаа бөгөөд тэд МХЕГ, Цагдаагийн газар гэх мэт хууль хяналтын байгууллагуудад хандсан боловч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй гэнэ. Иймээс тэд энэ талаар олон нийтэд мэдээлэл хийж булсан хогийг зайлуулж өгөхийг хүсч байгаа юм байна.
Мөн тэд энэ үеэр Шаамар сумын засаг дарга М.Баярбаатарын хууль бус үйлдлүүдийг баримтаар дэлгэн тавилаа. Тэрээр сумын ИТХ-ын дарга Эрдэнэчимэгтэй хамтран тэдгээр компаниудтай гэрээ байгуулсан бөгөөд тус компани нь Эрдэнэчимэгийн төрсөн ахын компани аж. Түүнчлэн тэд хог булсан компанийг өөхшүүлэн төсвөөс дахин 13 сая төгрөг гарган гэрээнд заасан 2,1 км замыг нь тавьж байсан гэнэ.
А.Анар

Сэтгэгдэл (4)