
Энэ компани өмнө нь Сүхбаатар дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг гэрээ хийн цэвэрлэдэг байсан бөгөөд нийслэл болон дүүргийн ИТХ-аас гаргасан шийдвэрүүдээр эдний 60 гаруй шар хантаазтан ажилгүй болжээ.
Тодруулбал НИТХ-аас "Улаанбаатар нэгтгэл" ОНӨУҮГ-ыг байгуулан есөн дүүргийн гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцуулжээ. Ингэснээр дээрх компанийн удирдлагууд орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэнэ гэсэн бодолтой байж. Гэтэл орон сууцны хороолол доторх гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээг Сүхбаатар дүүргийн ИТХ-аас "Сүхбаатар дэвшил" ОНӨУҮГ хариуцуулах журам баталсан байна. Улмаар дээрх компанитай гэрээгээ цуцалж шар хантаазтанууд ийнхүү ажилгүй болжээ.
Энэ талаар “Сүхбаатар тохижилт” ХХК-ний захирал Ц.Баттүвшин "Манайд дээд тал нь хорь гаруй жил, доод тал нь нэгээс хоёр жил ажилласан хүмүүс байгаа. Нийслэлд зарласан цэвэрлэгээ үйлчилгээний уралдаан тэмцээнд амжилттай оролцдог тэргүүний хамт олон. Энэ хамт олон нийслэл болон дүүргээс батлагдсан тогтоол шийдвэрээс болоод ажилгүй болчихоод байна. Дүүрэгтээ очоод энэ хүмүүс яах вэ гэхээр танай ажлыг "Улаанбаатар нэгтгэл" булаасан учраас тэндээ ханд гэдэг. Нэгтгэлийн даргатай очиж уулзахад сар гаруй гэрээ байгуулж ажиллаж болох юм гэсэн хариу өгсөн. Гэтэл энэ хүмүүсийн ажлын байр тогтвор суурьшилтай, найдвартай, ямар нэгэн дарамт шахалтгүй байх ёстой шүү дээ" гэв.

-Таныг хэн гэдэг вэ?
-Намайг Должин гэдэг.
-Та энэ компанид хичнээн жил ажиллаж байна?
-Эгч нь энд хорин тав, зургаан жил болж байна. Одоо ажилгүй болчихоод сууж байна. Ажлынхаа байрыг л авмаар байна даа.
-Танай гэр бүлд таниас өөр ажил хийдэг хүн бий юу?
-Байхгүй. Би өрх толгойлсон эмэгтэй.
-Хэдэн хүүхэдтэй вэ?
-Таван хүүхэдтэй. Хоёр нь тусдаа гарчихсан. Гурав нь надтай байдаг. Одоо ажилгүй болчихоод нүүрс түлээний мөнгө ч байхгүй хэцүү л байна. Удахгүй бас цагаан сар боллоо. Юугаа ч бэлдээгүй сууж байна даа.
А.Наранцэцэг
Сэтгэгдэл (9)