
Түүнчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл БОХХАА-н байнгын хороонд хэлэлцэгдэж байна. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан УУЯ, БОНХЯ, АМГ, ТЕГ-уудад судалгааны ажлууд үргэлжлүүлэн хийгдэж байна. Мөн энэхүү ажлын хэсгээс гурван чиглэлд маршрут гарган хуулийн хэрэгжилттэй газар дээр нь танилцахаар томилолт аван ажиллаж байгаа гэлээ.
Хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулна
Монгол-БНХАУ хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг хүрээнд Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC’’-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулах санамж бичиг байгуулан хоёр талын ажлын хэсэг байгуулагджээ.
Тус үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах юм. Урьдчилсан таамгаар эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байна гэж тооцолж Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Өөрөөр хэлбэл, жилд өнөөдрийн ханшаар 1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрсийг ашиглах юм. Ийнхүү 2016 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг хийн түлшээр хангах асуудал шийдвэрлэгдэх эхлэл тавигдлаа.
Сард хэрэглэх шатахууныхаа 40-50 хувийг Хятадаас нийлүүлдэг болно
УУЯ-ны харьяа Газрын тосны газар, Хятадын Петро Чайна интернэйшнл компанийн хооронд Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулжээ.
Энэ нь манай улсаас олборлох түүхий тосны хэмжээ нэмэгдэж байгаа болон Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил ирэх сарын дундуур дуусах гэж байгаатай холбоотой. Учир нь энэ байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болох юм. Өнөөдрийн байдлаар манай улс урд хөршөөс сардаа 10 мянган тонн хүртэл хэмжээний шатахуун авч байгаа бөгөөд санамж бичгийг байгуулснаар Хятадаас авах шатахууны хэмжээ дөрөв дахин нэмэгдэж манай улсын газрын тосны бүтээгдэхүүнийхээ нэг сарын хэрэглээний 40-50 хувийг авдаг болно.
Нэг тэрбум хуртэл тонн нүүрс БНХАУ-д нийлүүлнэ
Манай улсын нүүрс экспортлогчдыг төлөөлж Монгол Улсын “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс’’ ХХК, “Тавантолгой” ХК компаниуд, Хятадын “Шенхуа Энержи” компанитай хорин жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрсийг БНХАУ-д нийлүүлэх төлөвлөгөө гарган хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
Санамж бичгийг байгуулснаар жилд дунджаар 50 сая тонн нүүрс экспортолж, мөн жилд дунджаар 50 сая тонн хүрэн нүүрсийг хий болгож ашиглах юм. Мөн “МАК” ХХК, “Саусгови Сэндс" зэрэг Гашуун сухайтаас бусад боомтоор нүүрс гаргадаг компаниудыг БНХАУ-ын компанитай хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
Шатахууны 32 хоногийн нөөцтэй байна
Энэ сарын 29 буюу өчигдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 29, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 32, ТС-1 31 хоногийн нөөцтэй байна.
24tsag.mn