
Т.Энхболдсодонг энгийн иргэд тэр бүр мэддэггүй ч улс төр бизнесийн хүрээнийхэндээ нэлээд нэртэй нэгэн аж. Үүгээр зогсохгүй манай улсын “Топ ” тэрбумтнуудын 17 дугаарт эрэмблэгддэг чинээлэг хүмүүсийн нэг юм.
Түүнийг АТГ-аас шалгах болсон үндэслэл нь Н.Энхбаяр даргын хэрэгтэй холбоотой хэмээн сэжиглэх хүмүүс олон байна. Учир нь Н.Энхбаярын бариулсан гэх “Blue sky” цамхгийн ерөнхийлөгчөөр одоогийн “Чоно” грүппын захирал Т.Энхболдсодонг томилж байжээ. Тухайн үед “Blue sky” цамхгийг барих газар нь МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэгийн аавынх нь мэдлийнх байсан гэх. Гэвч Н.Энхбаяр Б.Эрдэнэбилэгтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр сая ам.доллараар авч байсан гэдэг.
Харин ингэж газраа зарсаных нь дараа Б.Эрдэнэбилэгийг МИАТ-ийн гүйцэтгэх захирлын суудалд суухын тулд газраа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хахууль болгон өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан. Гэсэн ч энэ явдал тэгсхийгээд далдуур өнгөрсөн ч одоо сөхөгдөж эхэллээ.
Гагцхүү Т.Энхболдсодон, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр чухам ямар холбоотой нь л нууц байгаа юм. Тухайн үед Н.Энхбаярыг хахууль өгөхөд нь Т.Энхболдсодон тусалсан уу. Эсвэл энэ хоёр өөр зүйл ярилцаж тохирсон байсан уу ямар ч байсан Н.Энхбаяр дарга газрыг нь ярьж аваад барилга бариулсан хэрнээ Т.Энхболдсодон ерөнхийлөгчөөр нь суусан нь их л сонин байгаа юм.
Анх дээрх хоёр эрхмийг зуучилж өгсөн хүн бол УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай байсан гэдэг. Т.Бадамжунайгийн хувьд Т.Энхболдсодон болоод түүний ах Т.Энхбаттай нэг нутгийнх бөгөөд худууд аж. Тиймээс худууд болох Т.Энхболдсодон, Т.Энхбат хоёрыг улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй танилцуулж бизнесийн хүрээг нь улам тэлсэн гэх эх сурвалжууд ч байна.
Мөн Н.Энхбаяр, Т.Энхболдсодонгийн ах Т.Энхбат хоёр ч хэн хэнийгээ сайн мэдэх хүмүүс байсан гэлцдэг. Энэ нь ч Т.Энхболдсодонг Н.Энхбаяр даргатай холбогдоход нөлөөлсөн байж мэдэх юм.
Ямар ч байсан 2006 оноос одоогийн "Blue sky"-ийн газрыг өөрийн нэр дээр эзэмшиж байсан Т.Энхболдсодон 2012 онд гэнэт компанийнхаа гүйцэтгэх захирлаар Б.Ариунаа гэх хүнийг томилж өөрөө хувь эзэмшдэг нэгэн болж хувирсан аж. Тухайн үед учир мэдэх хүмүүс Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг шалгаж эхэлсэнтэй давхцаж байгаа нь ямар учиртай юм болоо хэмээн гайхаад л өнгөрч байсан гэдэг.
“Blue sky” цамхгийн тухайд баригдсанаасаа хойш маш олон хүний нэр дээр шилжиж байсан гэдэг. Харин шилжих бүртээ метр.кв нь нэмэгсээр ирсэн нь хуулийнханы сонирхолыг татаад байгаа аж. Харин цамхаг яг хэнийх вэ гэдэг асуулт одоо ч тавигдсаар байгаа. Тухайн үед Н.Энхбаярынх гэж байсан ч "Энэ барилга минийх биш" гэж Н.Энхбаяр дарга нэг биш удаа мэдэгдэж байсан.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)