
Өмнөд Солонгосын жүжигчин Го Кён Пё согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, зам цэвэрлэгээний ажилтныг гэмтээсэн хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Сөүлийн Мапо дүүргийн цагдаагийн газарт очиж, ойролцоогоор 90 минутын турш байцаалт өгсөн байна. Цагдаагийн газраас гарахдаа сэтгүүлчдийн өмнө толгой бөхийлгөн, өөрийн үйлдлийг “Нөхөж баршгүй, хариуцлагагүй үйлдэл” хэмээн тодорхойлж, олон нийтээс удаа дараа уучлалт хүсжээ.
Мөн ослын улмаас гэмтсэн зам цэвэрлэгээний ажилтантай биечлэн уулзаж, уучлалт гуйсан гэдгээ мэдэгдсэн байна.
Жүжигчин Го Кён Пё "Go Kyung Pyo"-г Монголын үзэгчид 2015 оны алдарт Reply 1988 олон ангит киноны Сун Сон Үгийн дүрээр нь сайн мэдэх биз ээ. Түүнчлэн Chicago Typewriter, Love in Contract, D.P. зэрэг бүтээлүүдэд тоглосон бөгөөд 2022 оны Decision to Leave, 6/45 кинонуудаар ч үзэгчдэд танигдсан жүжигчин юм.
Зарим үзэгч түүнийг хохирогчтой биечлэн уулзаж уучлалт хүссэнийг эерэгээр хүлээн авч байгаа бол нөгөө хэсэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суусан үйлдлийг ямар ч уучлалт зөвтгөх боломжгүй хэмээн шүүмжилж байна.
Түүний согтуугаар жолоо барьсан хэрэг олон нийтийн шүүмжлэл дагуулж, уран бүтээлийн үйл ажиллагаанд нь ч нөлөөлж эхэлжээ. Алдартай жүжигчин байсан ч замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлага хүлээх ёстойг энэ хэрэг дахин санууллаа.






















































