
Ираны дуучин Парасту Ахмади заавал өмсөх ёстой хижабгүйгээр тоглолт хийсэн хэргээр 74 удаа ташуурдуулах шийтгэл хүлээжээ. Түүнтэй хамт тоглолтын багийн дөрвөн гишүүн мөн адил шийтгүүлсэн байна. Дуучны өмгөөлөгч Мостафа Нилигийн мэдээлснээр уг шийтгэлийг арваннэгдүгээр сарын 23-ны даваа гарагт Ираны Кум хотын прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх нэгжид хэрэгжүүлжээ. Парасту Ахмадигаас гадна тоглолтыг зохион байгуулагч Мохсен Лашкари, хөгжимчид Соheil Фагих-Насири, Амин Тахери, Амир-Али Пирниа нар тус бүр 74 удаа ташуурдуулсан байна.
Энэ хэрэг 2024 оны арванхоёрдугаар сард YouTube платформд нийтлэгдсэн нэгэн тоглолтын бичлэгээс үүдэлтэй юм. Тухайн бичлэгт Парасту Ахмади Кум хотын ойролцоох түүхэн Дейр-е Гачин карван сарайд толгойгоо ил гарган, хижабгүйгээр эрэгтэй хөгжимчдийн хамт дуулж буй нь гардаг. Тоглолтод үзэгчид байгаагүй бөгөөд бичлэгийг цахимаар шууд дамжуулжээ.
Ираны шүүх өнгөрсөн зургаадугаар сард дуучин болон түүний багийн гишүүдийг цахим орчинд ёс суртахуунд харш, садар самуун агуулга бүхий материал нийтэлсэн, олон нийтийн ёс суртахуунд халдсан гэж буруутган шийтгэсэн байна.

Тэднийг ташуурдахаас гадна хоёр жилийн хугацаанд урлаг, хөгжмийн үйл ажиллагаа эрхлэх, мөн гадаад улс руу зорчих эрхийг нь хязгаарлажээ. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хүний эрхийн байгууллагууд уг шийтгэлийг эрс буруушааж, ташуурдах нь эрүү шүүлтийн нэг хэлбэр бөгөөд олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж буй үйлдэл гэж үзжээ. Харин Ираны эрх баригчид хүний эрхийн асуудлаарх гаднын шүүмжлэлийг няцааж, бусад улс орон өөрсдийн зөрчлийг анхаарах ёстой хэмээн мэдэгддэг байна.
Иранд эмэгтэйчүүдийг хижаб заавал өмсөхийг шаарддаг журам 2022 онд Махса Амини цагдаагийн байгууллагын саатуулагдсан үедээ амиа алдсаны дараа өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний гол сэдвүүдийн нэг болсон юм. Түүнээс хойш олон эмэгтэй уг журмыг эсэргүүцэн, олон нийтийн газар хижабгүй явах болсон бөгөөд эрх баригчдын хяналт зарим талаар суларсан ч ийм төрлийн шийтгэл үргэлжилсээр байна.
Л.Баяр






















































