
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтуудаа эх орондоо хийхээр бэлтгэлээ базааж байна. Энэ удаа Монголын шигшээ багийн өмнө гурван өрсөлдөгч бус, өөрсдийн боломж, чансааг Азийн тавцанд харуулах томоохон сорилт хүлээж байгаа юм. Шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнийг Сагсан бөмбөмбөгийн холбооноос өчигдөр зарласан. Үндсэн бүрэлдэхүүнд дотоодын болон гадаадын лигт тоглож буй 12 тамирчин багтаад билээ. Тэдний дунд NBA-ийн Жи лигт тоглож байгаа Ш.Энхийн-Од, Японы лигт тоглож буй А.Азбаяр, Х.Оргил болон АНУ-ийн коллежийн лигт хүч сорьж буй Ч.Маргад нар бий. Харин дотоодын лигт тоглож буй Б.Барсболд, Г.Болор-Эрдэнэ, О.Өсөхбаяр, М.Өлзий-Орших, Э.Түшиг, Н.Батбаяр, Г.Дөлгөөн, С.Биндэръяа нар үндсэн бүрэлдэхүүнд багтсан. Тэднээс хамгийн ахмад нь Н.Батбаяр байгаа бол хамгийн залуу тамирчин нь О.Өсөхбаяр юм.
Өөр өөр лиг, өөр өөр тоглолтын системд туршлага хуримтлуулсан эдгээр тамирчид эх орондоо ирж, нэг баг болон нэгдсэн нь энэ удаагийн бүрэлдэхүүний онцлог юм.

Мөн шигшээ багийг Монгол дасгалжуулагч Б.Ариунболд удирдаж байгаа нь олон нийтийн хүлээлтийг бүр л өндөрсгөж байна. Шинэ дасгалжуулагчийн арга барил, гадаадын лигт тоглож байгаа тамирчдын туршлага, дотоодын тамирчдын ур чадвар нэг системд хэрхэн нийлэх нь энэ удаагийн тэмцээний чухал сэдэв байх нь гарцаагүй биз ээ.
-ЭХ ОРНЫ ТАЛБАЙ ҮНЭХЭЭР ӨӨР БАЙДАГ-
Гадаадын лигт тоглож буй тамирчид өөр өөр орчинд бэлтгэл хийж, олон улсын өрсөлдөөний хэмнэлд суралцаж байгаа бол дотоодын лигт тоглогчид Монголын сагсан бөмбөгийн өнөөгийн өнгө төрхийг бүрдүүлж байна. Харин эдгээр туршлага нэг багт нэгдэхэд ямар үр дүн гарах вэ гэдэг нь сонирхол татна.

Ш.Энхийн-Од "Монголынхоо нэрийн өмнөөс шигшээ багтаа тоглохдоо эх орноороо болон өөрөө бахархаж тоглодог. Энэ удаа шигшээ багийнхаа ахлагчаар сонгогдсонд баяртай байна. Шигшээ багийн бүрэлдэхүүн маш хүчирхэг байгаа" гэсэн юм. Харин шигшээ багийн тамирчин А.Азбаярын хувьд "Японы лигийн тоглолт болон бэлтгэл сургуулилтууд Монголын сагсан бөмбөгийн арга барилаас арай өөр санагдсан. Японы лигт тоглох болсноос хойш М банк аренад тоглоогүй хэдэн сар болсон. Эх орны талбай гэдэг бол үнэхээр өөр байдаг" гэлээ.
-ШИНЭ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ӨМНӨ ШИНЭ СОРИЛТ-

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Ариунболдын хувьд богино хугацаанд системээ ойлголцох нь чухал сорилт болж байна. Өөр өөр баг, лигийн тоглолтын арга барилтай тамирчдыг нэг зорилго, нэг системд оруулах шаардлага бий талаар ярьсан юм. Тухайлбал тэрбээр "Шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын хамгийн шилдэг гэсэн тоглогчдыг дуудсан. Хэн нэгэн нь гэсэн юм байхгүй, багаараа тоглох хэрэгтэй" гэсэн юм.
Ийнхүү шигшээ багийн амжилт зөвхөн талбайд гарах 12 тоглогчоор хязгаарлагдахгүй. Гадаадын лигт тоглож буй тамирчдаа шигшээ багтай тогтмол нэгтгэх, дотоодын лигийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, залуу тоглогчдын залгамж халааг бэлтгэх зэрэг урт хугацааны бодлого чухал юм.
-ТАЛБАЙН ДАВУУ ТАЛ-

Ийнхүү манай шигшээ баг энэ сарын 26-29-ний өдрүүдэд Индонез, Хонконг, Малайзын багуудтай өрсөлдөнө.
Талбайн давуу тал, үзэгчдийн дэмжлэг Монголын багт чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Гэхдээ Азийн түвшний өрсөлдөөнд зөвхөн урам зориг хангалтгүй байж болох...
Багийн зохион байгуулалт, хамгаалалт, довтолгооны шийдэл, тоглолтын турш тогтвортой байх чадвар амжилтыг тодорхойлно. Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд монголчууд, тэр дундаа сагсан бөмбөг сонирхогчид өндөр хүлээлт тавьж буй. Харин тэр хүлээлтийг бодит үр дүн болгохын тулд 12 тоглогч талбай дээр нэг баг болж чадна гэдгээ харуулах хэрэгтэй юм. Шигшээ багт 12 тамирчин, харин тэдний ард нэг зорилго, нэг хүсэл, нэг Монгол бий.
Д.Батчулуун





















































