Монголчуудын нүүдэлчин ахуй соёл, Монгол наадгайг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй “Нүүдэлчин Сэрэхүй” брэндийн урлаач Г.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-“Нүүдэлчин сэрэхүй” брэнд хэдэн онд үүсгэн байгуулагдсан бэ? Нүүдэлчин ахуйг харуулсан бүтээгдэхүүнүүд нүдэнд туслаа.
-Бид 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагдаад арав гаруй жил болжээ. Монгол оюун, Монгол наадгай, нүүдэлчин соёлыг дэлгэрүүлэхийг зорьж ажилладаг. Хувь хүнд зориулсан бүхий л зүйлсийг урлаж байна даа. “Амар байна уу”сар шинийн үзэсгэлэн худалдаанд Налайх дүүргээс гурав дахь жилдээ оролцож байна.
-Брэндийн нэг онцлох зүйл нь Монгол наадгай бололтой. Наадгай тоглоомыг яагаад урлах болов?
-Бидний урлаж буй наадгай тоглоомууд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн, хадны сүг зураг дээр хүртэл байсан Монгол наадгайнууд юм. Эдгээр наадгай тоглоомуудыг бид судалгааны үндсэн дээр хийдэг. Нийт 500 гаруй нэр төрлийн наадгай байгаагаас 100 орчим наадгайг хийж эхлээд байна. Одоо цагт хэрхэн хялбар тоглох вэ гэдэг талаас нь ажилласан. Байгалийн чулуу, мод зэргээр хийсэн хөлөгт наадгайнууд бий. Монгол наадгай бол хүүхдийн оюун ухааныг тэлэх, хүнийг, байгаль эх дэлхийгээ хайрлах гээд бүх ухааныг наадгайгаар дамжуулаад олгодог.
-Түүхийн талаас нь их судалгаа хийдэг байх нь ээ?
-Тийм ээ. Түүхийн судалгаа их хийдэг. Бид уламжлалт монгол ухаан биш язгуур монгол ухааныг түгээдэг. Өөрөөр хэлбэл, бүр эртний ухаан гэсэн үг. Монголын уламжлалт өв соёл замдаа өөрчлөгдсөн байдаг. Тэрхүү мартагдсан язгуур өв соёлоо олон жил судалж байж дахин сэргээж гаргаж ирж байгаа.
Бид "Бүрэн хаант өлгий" гээд ууланд амьдарч өвөг дээдсийнхээ ухаанд суралцаж тэндээс монгол түмэнд ийм ийм юм хэрэгтэй гэдгийг олж бүтээдэг.
-Таны хувьд өнөө үеийн залуус ёс заншил, өв уламжлалаа хэрхэн тээж байна вэ? Тэр тусмаа наадгай тоглоомоор тоглох сонирхол хэр байна гэж хардаг вэ?
-Залуучууд маань нэг үеэ бодоход ёс заншил, уламжлалаа мэддэг болсон. Монгол дээл хувцаснаас эхлээд Монгол гэсэн зүйлсээ хэрэглэдэг болжээ. Арван жилийн өмнөхийг бодвол үнэхээр өөр болсон байгаа нь ажиглагддаг. Наадгай тоглоом гэхэд өмнө нь тоодоггүй байлаа. Харин одоо бол наадгай тоглоомоор тоглодог болсон. Наадгай тоглоомуудыг ойлгоод, худалдаж авъя гэдэг болжээ.
-Одоогоор хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Манайд нийт арав гаруй ажилчид байна. Бүтээлүүдээ ихэнхийг нь гараар урладаг. Гараар урлана гэдэг бол сэтгэлээ шингээж хийх ёстой байдаг. Муу муухай зүйл бодож болохгүй тэгж байж авсан хүндээ очоод эд болдог.
-Таны хувьд энэ жилийн "Амар байна уу" үзэсгэлэн худалдааны онцлогыг юу гэж харж байна вэ?
-Энэ жил Нийслэлээс үзэсгэлэн худалдаанд оролцож буй хүмүүст талбайгаа үнэ төлбөргүй ашиглуулж байгаа нь маш гоё боломж байлаа. Бүтээгдэхүүнээ үнэ өртгийн хувьд боломжтой түгээх, мөн өв соёлоо мэдье гэсэн хүмүүст нээлттэй бүтээлүүдээ танилцуулж мэдүүлж байгаа нь маш том боломж.
-Үзэсгэлэн худалдаанд хүмүүсийн хөл хөдөлгөөн их байна уу?
-Ажлын цаг дуусаад хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Цагаан сар дөхөхөөр бүр их нэмэгдэх байх.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Сэтгэгдэл (1)