ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын Засгийн газрын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци, Үсэм (Wosem Co.,Ltd) компани, Кёнбүк Үндэсний Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн хамтарсан Монголд бод малыг эмчлэх эмнэлийн чадавхыг сайжруулах төслийн судалгааны багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд манай улсад бод малын эрүүл мэндийг сайжруулах, шинэ дэвшилтэт мал эмнэлгийн технологийн мэргэжилтэн бэлтгэх, сургалтад нэвтрүүлэх, бод малыг эмчлэх сургалтын эмнэлэг байгуулах зорилготой юм.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр мал эмнэлэг нь мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, малын эрүүл мэнд төдийгүй хүн ам, нийгмийн эрүүл мэндийг хамгаалдаг улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн салбар гэдгийг онцоллоо.
Бод мал эмчлэх эмнэлгийн чадавхийг сайжруулах төслийг амжилтай хэрэгжүүлснээр мал эмнэлгийн боловсролын системийг олон улсын шаардлагад нийцүүлж, төгсөгчдийн чанарыг сайжруулан, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх юм. Улмаар мал эмнэлгийн салбарын үйлчилгээний чанар сайжирч, хүнсний хангамж, аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэхийг ХХААХҮЯ мэдээлжээ.
Сэтгэгдэл (2)