Зудын эрсдлийн урьдчилсан дүр зургаар, нийт нутгийн 30 орчим хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 30 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 гаруй хувьд эрсдэлгүй гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутгаар нэн их болон их эрсдэлтэй бол Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатарын зарим сумдын нутгаар дунд зэрэг болон их эрсдэлтэй байхаар гарчээ.
2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай зарим сумдаар даац олон дахин хэтэрч гарсан байна. Хээрийн цасны хэмжилтийн 11 дүгээр сарын 30-ны мэдээгээр уулархаг нутгаар 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.