Монгол Улсад энэ сарын 5-ны байдлаар 132 улсын 32543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.
Эдгээрийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1511, БНСУ-ын 1776, БНХАУ-ын 17849, ОХУ-ын 4424 иргэн, бусад улсын 6983 иргэн байгаа аж. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан.
Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 105142 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн тоо нь Монголын нийт хүн амын 0.93 хувийг эзэлж байгаа юм. Үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэн оршин сууж байгаа нь Хятад бөгөөд гадаад иргэдийн 0.51 хувийг эзэлж байна. Тэгвэл ОХУ-ын иргэд 0.12, АНУ-ын иргэд 0.04 хувийг эзэлжээ.
Тэгвэл албаны ажлаар 644, хөдөлмөр эрхэлж буй 14006, суралцаж буй 6227, хөрөнгө оруулалтын шугамаар 2852, цагаач 1779, шашны чиглэлээр 50, гэр бүл, хувийн зорилгоор 6985 гадаадын иргэн амьдарч байна.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн бүртгэл хяналтын тоон мэдээллийг байгууллагын албан ёсны цахим сайт (immigration.gov.mn)-ын “Нээлттэй мэдээлэл” цэсэд сар бүр тогтмол нийтэлдэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг цахим сайтаар хандаж мэдээлэл авах бүрэн боломжтой ажээ.