Боловсролын сайд П.Наранбаяр, Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга нар нийслэлийн ерөнхий боловсролын төрөлжсөн сургалттай 112 дугаар сургуулийн шинэ барилгын явц, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурханы шашны их сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ.
Төрөлжсөн сургалттай 112 дугаар сургууль нь ерөнхий боловсролоос гадна дэлхийн хамгийн анхны их сургууль болох Наландагийн их сургуулиас үүдэлтэй Учир шалтгааны ухаан буюу Логикийн шинжлэх ухаан, уламжлалт гүн ухааны хичээл заадаг. Энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын “Бурханы шашны сургалтын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарсны хүрээнд 112 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай шинэ барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил гуравдугаар давхрын цутгалтын шатанд үргэлжилж байгаа ба ирэх оны тавдугаар сард ашиглалтад орно.
Боловсролын яамнаас төрөлжсөн сургалттай тус сургуульд олон улсын хөтөлбөр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Олон улсын хөтөлбөр нэвтрүүлснээр сургалтын чанар сайжрахаас гадна гадаад улсын иргэд ирж суралцах боломж нээгдэн, орчин цагийн шинжлэх ухаанч судалгааг хөгжүүлэх, оюуны төвлөрлийг бий болгох, монгол өв соёлыг тээн хадгалахын зэрэгцээ дэлхийд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад нэн чухал ач холбогдолтой болохыг Боловсролын сайд П.Наранбаяр онцолсон байна.
Манай улсын анхны таван дээд сургуулийн нэг Монголын бурханы шашны их сургуулийн хувьд уран зураг, шүтээн зураг, буддын гүн ухаан-шашин судлал, хэл шинжлэл, утга зохиол гэсэн таван хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд номын санд нь төвөд, монгол, англи хэлээр бичигдсэн ном судар, зохиолууд бий.
Тус их сургууль 1970 оноос хойш 38 удаагийн төгсөлт хийж, 1450 орчим бакалаврын зэрэгтэй, 2010 оноос хойш 20 гаруй магистрын зэрэгтэй оюутан төгсгөжээ. Цаашид уламжлалт анагаах ухааны хөтөлбөр нээхээр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуультай хамтран ажиллаж эхэлсэн ба бусад их сургуулиудтай ч мөн хамтран ажиллаж гүн ухаан, сэтгэл судлал, логикийн шинжлэх ухаан гэх мэт чиглэлээр хийсэн судалгаагаа хуваалцах, туршлага солилцох хүсэлтэй буйгаа сургуулийн удирдлага, багш нар хэлж байв. Шинжлэх ухаанч судалгаа, судалгааны их сургуулийг хөгжүүлэх, их сургуулиуд хоорондоо кредит солилцох тогтолцоог бий болгоход хувь нэмэртэй тул дэмжин ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлжээ.
Сэтгэгдэл (1)