Автомашины хотын дугаарыг энэ сарын 8-наас олгохгүй. Энэ нь автомашин борлуулдаг ченжүүдийн хувьд маш муу мэдээ болж байна. Өнөөдөр зах, худалдааны төвүүдэд автомашины борлуулалт хараахан муудаагүй гэнэ. Учир нь арваннэгдүгээр сарын 8-наас автомашинд хотын дугаар олгохгүй гэсэн шийдвэрийг эртнээс урьдчилж мэдсэн учраас импортоор оруулж ирсэн бүх автомашиндаа дугаар авчихсан. Түүнийгээ автомашинтайгаа зарж, одоохондоо борлуулалт муудах асуудал үүсээгүй байна. Харин цаашдаа хотын дугаарыг хязгаартай олгоод эхэлбэл автомашины борлуулалт эрс муудна гэдгийг автомашины ченжүүд хэлж байгаа юм. Гэхдээ зөвхөн ченжүүдийн автомашины борлуулалт муу байгаагаас шалтгаалж нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан түгжрэлийн асуудлыг хөсөр хаях уу гэдэг жинхэнэ асуудал юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод хүн амынхаа талаас илүү хувьтай нь тэнцэх тээврийн хэрэгсэл байдаг. Үүнийг хотын нэг өрхөд 1-2 автомашин ногдож байна гэж үзэж болох юм. Энэ тоон дээр нэмээд 2024 оны зөвхөн эхний 10 сарын байдлаар нийслэлд 129 мянга орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байгаа юм. Импортоор орж ирэх автомашины тоо жил бүр өсдөг ч ямар нэг хэмжээ хязгаарлалт тогтоодоггүй. Бүр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн талаас илүү хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байсан ч асуудлыг тоолгүй өнгөрөөсөөр ирсэн.
Тэгвэл энэ жилээс л автомашины тоог хязгаарлах, олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зөвхөн байвал зохих шалгууруудаа хангасан бол автомашинд улсын бүртгэлийн дугаарыг олгох зэрэг асуудлыг ярьж, ажлууд хэрэгжиж эхэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын тээврийн хэрэгслүүд нэгдсэн стандарттай болно. Импортоор хэмжээ хязгааргүй ямар нь мэдэгдэхгүй тээврийн хэрэгсэл орж ирэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллагуудын судалгаагаар хөгжил буурай эсвэл хөгжиж буй орнуудад осол аваарт өртсөн тээврийн хэрэгслүүдийн гадаад үзэмжийг өөрчилж, зарж борлуулдаг гэдэг нь тогтоогдсон байдаг. Энэ байдал Монголд үүсэхгүй болно.
Цаашлаад тээврийн хэрэгслийн даатгалд хамрагддаг, зөрчлийн торгуулиа төлдөг, төлөх төлбөр нь өндөр бол зөрчил гаргадаггүй хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх асуудал. Улс орны иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай ч хэмжээ хязгааргүй тээврийн хэрэгслийг цэгцлэх асуудал холбогдох юм. Мэдээж өдөрт хамгийн багадаа 1 цагийг, үүнээс илүү 2-4 цагийг ч түгжрэлд хий дэмий үрж байгаа иргэдээ бодох цаг нь нэгэнт болсон биз ээ. Суусан тэнэгээс явсан цэцэн дээр гэж үг байдаг. Түгжрэлийн эсрэг ямар ч ажил хийхгүй байснаас боломжит ажлуудыг судалгаатай хэрэгжүүлж, хөрсөн дээр бууж байгаа эсэхийг мэдэхээс нааш түгжрэл буурахгүй нь лавтай.