НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй хүүхдийн таргалалтаас сэргийлэх чиглэлээр хүүхэд, залуучууд, гэр бүлд чиглэсэн эрүүл, шим тэжээллэг хооллолтыг дэмжих “FIX MY FOOD” компанит ажлын хүрээнд Монголын хүүхдийн зөвлөлийн гишүүн хүүхдүүдэд "Эрүүл хооллолт-Эрүүл ирээдүй" сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургуулийн хоол тэжээлийн орчны үнэлгээ хийх аргачлалыг танилцуулах сургалтыг хийлээ.
Суралцагчдын хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйлс байдаг ч, тэдэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд сургуулийн орчин чухал нөлөө үзүүлдэг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн хоол тэжээлийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн хоол тэжээлийн орчны үнэлгээ” аргачлалыг ашиглан Монголын хүүхдийн зөвлөлийн гишүүд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын алба, Боловсролын ерөнхий газартай хамтран сургуулийн хоол тэжээлийн орчны үнэлгээг нийслэлийн 10 сургууль дээр зохион байгуулахаар ажиллаж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.