Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
БНХАУ-ын "Ном уншлагын танхим"-ын нээлт болон “Хятадыг ойлгох түлхүүр үгс: Хятадын уламжлалт соёлын товч тайлбар” ном хандивлах ёслол Хөдөө аж ахуйн их сургуульд боллоо. Тус "Ном уншлагын танхим"-ыг 408 төрлийн номоор баяжуулжээ.
Түүнчлэн Хөдөө аж ахуйн их сургууль төдийгүй Монгол Улсын их сургууль, Хүүхдийн номын ордон, Улаанбаатар их сургууль зэрэг нийт 6 их дээд сургуульд эл уншлагын танхимыг нээжээ. Энэ нь Хятад-Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, соёл урлагийн чиглэлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтой юм. Ташрамд дурдахад, ХААИС-д хятадын 400 орчим оюутан суралцаж байна.
Энэ үеэр Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооны дэд ерөнхийлөгч Шиүө Мин "Цаашид сургууль, байгууллагуудад хятад номын уншлагын танхимыг нээх зорилготой ажиллаж байна. Үүгээр дамжуулан хятадын түүх соёл, орчин үеийн соёлыг таниулах зорилготой. Мөн соёлоороо холбогдсон найрсаг харилцаа удаан үргэлжилдэг" гэлээ.
ХААИС-ийн номын сангийн харьяа нэг ангийг тохижуулаад энэ танхимд хятадын сүүлийн үеийн зохиолууд болон ХАА, МАА, мал эмнэлэг, газар тариалан зэрэг сэдэвтэй бүтээлүүдийг манай талаас хандивлааж буй. Нөгөө талаас хятадыг ойлгож мэдрэх, хятадын сонгодог зохиолуудыг монгол хэлнээ анх удаа Өвөрмонголын ардын хэвлэлийн хорооноос хэвлэж гаргасан. Эдгээр ном тус танхимд байршина. Мөн 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий номоор уншлагын санг баяжууллаа гэж ХААИС-ийн багш Б.Лхагвадорж хэллээ.
Урлаг судлалын докторант Ө.Лина "Долдугаар ангиас Монголд ирж суралцаад 6 жил болж байна. Монгол өв соёл, монгол хэлийг заавал эзэмших хэрэгтэй хэмээн бодож энд зорин ирж суралцаж байгаа юм. Одоо бол ээж аавынхаа асуултад монголоор хариулж чадна. Би өмнө нь Хятадаар л ярьдаг байсан. Өнөөдөр ХААИС-д Ном уншлагын танхим нээгдсэнд, олон номоор энэ танхимыг баяжуулсанд сэтгэл дүүрэн байна. Өвөрмонгол оюутан хятад хэл дээрх номыг унших гэхээр олдоц муутай байдаг байсан. Тэндээс нааш захиалвал үнэ өртөг ч өндөр байдаг. Тиймээс бидэнд маш их боломж нээгдэж байгаад туйлын баяртай байна" гэсэн юм.
М.Жаргал