“Соёлын бүтээлч сар-2024” арга хэмжээ эхэлж, аяны хүрээнд “Эртний сайхан” нэртэй үзэсгэлэнг өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн “Artzone” галерейд нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул, Биеийн тамир спортын улсын хорооны БТГ-ын дарга О.Гэрэл, Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат, Богдхааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нарын эрхэм хүмүүс оролцов.
“ЭРТНИЙ САЙХАН” хэмээх түүхэн алдар суутнууд, ахмад уран бүтээлчдийн алдар гавъяа, түүхэн амьдралаас сэдэвлэсэн энэхүү үзэсгэлэнг дэлгэснээр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх ач холбогдолтой юм.
Үзэсгэлэнгийн онцолбол, үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсаны тив, дэлхий, олимпын дэвжээнээ амжилт байгуулсан ховор гэрэл зураг, өөрийнх нь өмсөж эдэлж байсан дээл, бөхийн зодог, шуудаг, малгай, монгол гутал болон төрийн одон медаль зэрэг 50 орчим эд зүйлсийг дэлгэн харуулж байна. Энэхүү түүхэн алдар гавьяатнуудыг үзэсгэлэнг арваннэгдүгээр сарын 1-15-ны өдрүүдэд иргэдэд сонирхуулж байгаа юм.