Ургац хураалтын ажил орон даяар үргэлжилж байна. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан ургац хураалтын явцын мэдээг хүргэж байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 262 мянга гаруй тонн үр тариа, 95.2 мянган тонн төмс, 121 мянган тонн хүнсний ногоо, 65 мянган тонн таримал тэжээл хурааж, 403 мянган тонн хадлан, найман мянган тонн гар тэжээл тус тус бэлтгэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан үр тариа 200 мянган тонн, хүнсний ногоо 19 мянган тонн, таримал тэжээл 11 мянган тонноор өсч, харин бэлтгэсэн хадлан 121 мянган тонн, хураасан төмс 17 мянган тонн,гар тэжээл 0.5 мянган тонноор тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж. Хураасан үр тариаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 мянган тонноор өссөн байгаа нь “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд тариалан эрхлэлт нэмэгдсэн, цаг агаар эрт хүйтрэх төлөвтэй байгаа учраас ургац хураалтын ажлыг эрт эхлүүлсэн нь нөлөөлжээ.
Орхон , Дархан-Уул , Хөвсгөл , Булган , Төв , Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 52 хувийг,Өвөрхангай, Дархан-Уул , Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 38 хувийг,Увс , Дархан-Уул, Ховд , Төв , Сэлэнгэ аймагтхүнсний ногооны 50 орчим хувийг , Сэлэнгэ , Завхан , Өвөрхангай, Увс , Төв аймагт таримал тэжээлийн 30 хувийг тус тус хураасан байна.
Хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ оны 10 дугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 286.9 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 8.3 мянган га буюу 3.0 хувиар өсчээ.