Өнөөдөр 2024 оны орон нутгийн сонгуулийн санал хураах өдөр. Иймд бид уншигч таны сонгох, сонгогдох эрхийн тухай хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХ гэж юу вэ?
Сонгох эрх
Сонгуулийн эрх бүхий иргэн ТА:
Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр сонгох эрхтэй.
Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.
Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна.
Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.
Сонгогдох эрх
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС
Арван зургадугаар зүйлээс
Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
... 9/ Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;
Хорин нэгдүгээр зүйлээс
... 3/ Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.
Гучдугаар зүйлээс
... 2/ Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
Тавин есдүгээр зүйлээс
... 3/ Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС
11 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх
... 11.7.Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
11.8.Хорин таван нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, суманд санал авах өдрөөс өмнө 180-аас доошгүй хоногийн хугацаанд тасралтгүй, байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны орон нутгийн хуралд сонгогдох эрхтэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС
5 дугаар зүйл.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх
5.2.25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй.
Сэтгэгдэл (2)