2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хууль нь өмнө энэхүү харилцааг зохицуулж ирсэн Концессын тухай хуулийн зарим дутагдалтай талыг засан сайжруулсан, олон улсын жишигт нийцсэн хууль болсон.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 23 дугаар тогтоолоор “Түншлэлийн төв” ТӨҮГ-ыг байгуулах шийдвэр гарсан бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд тус төвийн үйл ажиллагааг удахгүй эхлүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Түншлэлийн төв нь хувийн хэвшлийн болон салбар яамны санаачилсан хөгжлийн төслүүд дээр хуульд заасан үнэлгээ, судалгаа, шинжилгээ хийх, тэдгээр төслүүдийн бэлэн байдлыг хангах, түүнчлэн хувийн хэвшлийн оролцоог дэмжих, тэдгээртэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн төслүүдийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид зөвлөгөө мэдээлэл өгөх чиг үүргийг гүйцэтгэнэ.
Нөгөө талаас энэхүү төв нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Улсын хөгжлийн томоохон төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд төслүүдийн бэлэн байдлыг хангах, техник эдийн засгийн үндэслэл, мөнгөний үнэ цэний тооцоолол, төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийн үнэлгээ зэрэг судалгаа, шинжилгээг гадаад, дотоодын мэргэшсэн багтай хамтран гүйцэтгэх, олон улсын шилдэг туршлагуудыг судлан нэвтрүүлэх замаар хөгжлийн томоохон төслүүдийн бэлэн байдлыг олон улсын жишигт нийцүүлэн хийж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын сонирхлыг татахуйц сайн төслийг бэлтгэн, төслийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн суурь нөхцөлийг хангах юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын ард иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээ, дэд бүтцийг бий болгоход хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг ашиглаж, үүгээр дамжуулан чанартай, урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагааг төр, хувийн хэвшлийн хооронд бий болгоход энэхүү төв чухал үүрэг гүйцэтгэнэ
Сэтгэгдэл (3)