Улаанбаатар хот болон нийт нутгаар наймдугаар сарын 1-ний өдөр үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн замын далан, хөвөө усанд автан, эвдрэл үүссэн нөхцөл байдалтай байгаа аж.
Тухайлбал, Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замд наймдугаар сарын 1-ний өдрийн 17 цагт орсон аадар борооны улмаас 3-4 дахь км-т далан, хөвөө, хоолойн далбаа угаагдан эвдрэл үүсчээ. Мөн Мөрөн-Жаргалант-Цэцүүх-Цэцэрлэг чиглэлийн Цагаанбургасын даваанд 26-31 дахь км үер бууж зорчих хэсэгт үерийн лаг шавар, шороо хуримтлагдсан байна.
Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын 60-63 км-т өчигдөр /2024.08.01/ орсон борооны улмаас үер бууж хоёр төмөрбетон хоолойн хажуу налуу, буцаан дүүргэлт угаагдсан, хажуугийн шуудуу хажуу налуу угаагджээ.
Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замд үргэлжлэн орсон борооны улмаас 225 дахь км авто зам сэтэрч, 233 км-т үерийн ус авто зам дээгүүр давж, хөвөө болон далангийн хажуу налуу, ус зайлуулах хоолойн толгой далбаа угаагдсан байдалтай байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлэв. Дээрх орон нутгийн чиглэлийн замд холбогдох зам арчлалт засварын газраас үзлэг шалгалт хийж тоо хэмжээ, эвдрэлийн төрлийг тогтоохоор ажиллаж байгаа ба анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган засварлаж байгаа аж.
Тиймээс хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан явахыг сануулж байна.