Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр Н.Өнөрцэцэгийн ар гэр төрийн гурван өндөрлөгт хандаж буй талаар хэвлэлийн хурал хийлээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч:
Дүүг маань таван хэрэгт буруутган хорьсон. Хоёр нь татвартай холбоотой. Хоёр нь хүний алдар нэр хүндэд халдсан. Ялын заалтгүй юм байна. Төрийн нууц гээд байгаа нь Н.Өнөрцэцэгийнх биш. 20 гаруй ажилчны хэнийх нь ширээн дээр төрийн нууцтай холбоотой бичиг байсныг манай Өнөрөө мэдэхгүй. Өнөрөө ажил дээрээ бараг ирдэггүй байсан. Төрийн нууцтай холбоотой бичиг манай Өнөрөөгийнх биш. Үүнийг эргээд шалгах юм бол учир нь олдох л юм билээ. Дүүг маань яллачихаж байгаад гомдолтой байна. Дүү маань тэнд муугаа үзэж байна. Сульдчихсан байна лээ, дүү минь. Хорих анги дээр очиж уулзахад гар нь цэл хүйтэн байгаа юм, хөөрхий амьтан.
Буруу шийдвэр гаргасан гэж бид үзэж байна. Ард нь энгийн малчин ард байгаа болохоор хэлмэгдүүлчихэж байгаа юм бэ? Төрийн гурван өндөрлөг, ард түмэн минь анхааралдаа аваасай. Давж заалдах шатны шүүх хурал дээр үнэн шударгаар шийдвэрлэж өгөөсэй.
Тэр бичиг нь ажилчных нь машинд хоёр долоо хоног явсан юм билээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү:
Төрийн нууцыг задруулсан хүн бол БОАЖЯ-ны сайд асан Б.Бат-Эрдэнэ, энэ хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Одоо УИХ-ын гишүүн болчихсон шүү дээ. Гэтэл яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Ялзарсан шүүхийг шүүх цаг нь болжээ. Дэд сайдыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Б.Бат-Эрдэнэ сайд уснаас хуурай гарсан. Гараас гарт дамжуулсан хүн бол Б.Бат-Эрдэнэ сайд.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж: Миний охиныг янз бүрээр хэлж, жангаа ид гэж байна. Миний охинд тийм бичиг байгаагүй. Шүүгч нь зөв шүүгээд өгөөсэй гэж хүссэн ч тэгээгүй. Түүнд их гомдож, шаналж явна.
Сэтгүүлч Н.Өнцөрцэцэгийн дүү:
Хийгээгүй хэрэгтээ ял авчихаад байна шүү дээ. Давж заалдах шүүх дээр л эргэж харах хэрэгтэй байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)