Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлаад үргэлжилж байна. Энэ үеэр Н.Өнөрцэцэг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "13:30 хүртэл шүүх хурал хойшлоод байна. Бас л өмгөөлөгчгүй үргэлжлэхээр байна. Олон төрлийн хэрэгт буруутгагдаж байгаа надад өмгөөлөгч маш их хэрэгтэй байна. Хүсэлт тавьсан ч шүүх хүлээж аваагүй учраас намайг өнөөдөр өмгөөлөгчгүй шүүж байна. Намайг төрийн нууц хадгалсан гэж буруутган яллагдагчаар татагдаж байгаа. Гэхдээ би хадгалсан юм бол төрийн нууц задруулсан хүн хэн бэ гэдэг асуудал яригдана. Задруулсан сайд, даргыг шүүхгүй байгаа нь сонин санагдаж байна. Ган үзэгтэн, Зариг сайтаар дамжуулан 550 орчим сая төгрөгийг татвар төлсөн байна. Түүнээс биш татвараас зайлсхийсэн зүйл байхгүй. Хувийн хэвшлээ аар саар шалтгаанаар шүүж байгаа нь эмгэнэлтэй байна. 7 жилийн хугацаанд 22 хүнийг ажлын байраар хангаад явж байна.
Сэтгүүлч бол үнэн болоод шударга ёсны төлөө тэмцдэг хүн. Гэтэл энэ мэргэжлийг минь гэмт хэрэг юм шиг үзэж байгаад харамсалтай байна. Хаалттай хаалганы цаана булж байгаад харамсаж байна. Үүнд хүн бүхэн анхаараасай гэж хүсэж байна.
Өнөөдөр сөрөг хүчин гэж байхгүй болсон. Тэр сөрөг хүчний үүргийг муу, сайн нэртэй сэтгүүлчид гүйцэтгэж ирсэн. Заригийн Өнөрөөг нухчин дарах гэж байгаа юм шиг боловч цаагуураа дуугардаг хүнийг намнадаг, шүүжлэлт дуу хоолойг бүдгэрүүлэх айдсыг мэдрүүлэх гэсний том дохио болж байна.
Өчигдөржингөө намайг шүүлээ, өнөөдөржингөө намайг шүүх юм шиг байна. Амжихгүй бол даваа гарагт үргэлжлүүлэх юм байна.
Энэ Монгол Улсад Өнөрцэцэгээс өөр онц ноцтой гэмт хэрэгтэн байхгүй юм уу? Шударга ёс хаана байна аа?
Хоёр прокурор бол яллах гээд айхтар дайрч байна. ТЕГ, ШЕЗ, Ц.Гарамжав гуайн өмгөөлөгч зэрэг номыг нь үзчихсэн 9 хүний өөдөөс би юу ярих юм бэ? Хуулийн хэлээр мэтгэлцэж би мэдэхгүй шүү дээ. Би энэ янзаараа ялгүй гарч ирж чадах юм уу, эргэлзэж байна. Өмгөөлөгчгүй, айлын хатавчинд сууж байгаа хүүхэд шиг санагдаж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (26)