Наадмын дараа намар гэж манайхан ярьдаг. Юу юугүй өвс гандаж, намар ирэх нь ёстой л цаг хугацааны асуудал байдаг. Малаа тарга тэвээрэг авхуулж, ахуйгаа цэгцэлдэг нь улирлын аашийг дагаж нүүдэллэн амьдардаг малчин түмний хувьд заншил мэт зүйл. Тиймээс хадлан, тэжээл бэлтгэлийн явцад гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг та бүхэнд өгч байна.
Цагийн байдалтай нийцүүлж өвсний сөл, шим татрахаас өмнө цаг алдалгүй хадлангаа авч дуусгахыг мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэ жил хур тунадас ихтэй учир авч байгаа хадлангийн өвс 70-80 хувийн чийгтэй бэлтгэгдэж байгаа тул 18-22 хувийн чийгтэй болтол хатааж хураах /Чийг ихтэй өвсөнд вактер хурдан үржиж амархан ялзардаг байна.
Мөн хадсан өвсөө мөрлөж орхивол бороонд норж, наранд халж шимт тэжээл нь угаагдаж, хатаж мууддаг тул чийгийг тааруулан түргэн хугацаанд нуруулдахыг санууллаа. Цас орж хүйтрэхээс өмнө шаардлагатай өвс, тэжээлийн агуулах, цэг, салбаруудад татан байршуулах, бэлтгэсэн хадлангаа чийг цохихоос урьдчилан сэргийлж өвөлжөө, хаваржаандаа татаж, саравч доор хадгалах, говийн бүсийн малчид таана, хөмөл ашиглан гар тэжээл бэлтгэж авах, адуу, тэмээний хомоолыг бололцооны хирээр нөөцлөх, газар тариалангийн бүсийн малчид төмс, хүнсний ногоо, үр тарианы хаягдалыг ашиглан малын тэжээл, дарш бэлтгэж авах, хадлан бэлтгэх боломжгүй аймаг, сумын иргэд, малчид зах зээлээс худалдан авах өвс, тэжээлийн захиалга гэрээг эртнээс хийж бэлтгэн нөөцлөх, үйлдвэрийн тэжээл болох хивэг, хорголжин, долооцийг хямд байхад нь хурдхан авч нөөцлөхийг мал бүхий иргэд, фермерүүд, малчдадаа зөвлөж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)