Энэ оны эхний хоёр сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарсан.
Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт сайн гарч байгаа ч түүхий эдийн эрэлттэй холбоотой мөчлөгөөс хамаарч төсвийн орлого тогтворгүй байх эрсдэлтэй бөгөөд төсвийн зарцуулалтыг маш оновчтой зарцуулах ёстой гэдгийг эдийн засагчид тогтмол сануулж байна. 2024 оны улсын төсөв 20 орчим хувиар тэлсэн, сонгуулийн жил тохиож байна. Олон улсын байгууллагуудын таамаглалаар энэ онд эдийн засгийн өсөлт эрчимжих төлөвтэй ч цаашид энэхүү өсөлтийг тогтвортой хадгалахад төсвийн тэлэлт болон өрийн дахин санхүүжүүлэлт тодорхой эрсдэл учруулахаар байгааг мөн анхааруулж байна.
Монгол Улс үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөд шилжих цаг болсныг илтгэж буй нэг жишээ нь сонгууль угтан төсөв тэлдэг зүй тогтол юм. Хамгийн энгийн жишээ дурдахад, Үндэсний аудитын газраас 2021 онд “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн” сэдэвт аудит хийсэн. Уг аудитын дүгнэлтэд салбарын хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээ шаардлага, судалгаа тооцоололд үндэслэж оновчтой төлөвлөөгүй хэмээн онцолсон байсан. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн бага сургуулийг 120 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулсан ч өнөөдрийн байдлаар 16 хүүхэд суралцаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Технологийн харьяа сургуулийг 320 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулсан ч өнөөдрийн байдлаар мөн л 83 суралцагч суралцаж байгаа нь хүчин чадлын 72 хувийг ашиглахгүй байгааг харуулж байна.
Товчхондоо, УИХ-ын гишүүд зөвхөн өөрийн тойрогт бүтээн байгуулалт хийхийг чухалчилдаг болохыг дээрх жишээнүүдээс харж болно. Хаана, хэнд ямар хэрэгцээ, шаардлага байгаа эсэх нь бодлого тодорхойлогчдод хамаагүй бөгөөд тойргоо усалж байхыг чухалчилж байна. Үнэн хэрэгтээ сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага нэн шаардлагатай байгаа аймаг, дүүрэг байдаг гэдгийг дараах жишээнээс уншаарай. Чингэлтэй дүүргийн 112 сургуулийн барилга 1912 онд, Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” сургуулийн барилга 1929 онд тус тус ашиглалтад орсон бөгөөд 2021 оны байдлаар 91 болон 108 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа нь төлөвлөлтийн түвшинд бий болсон алдаа гэж хэлж болохоор байна. (эх сурвалж: Гүйцэтгэлийн аудитын тайлан, 2021 оны 3 сар).
Төсөвлөлт, төлөвлөлтийг үр дүн суурилсан байдлаар хэрэгжүүлж буй нэг жишээ дурдвал: Сүүлийн 3 жилийн хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, төсвөө боловсруулахдаа “Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлт” аргачлалын НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран туршин хэрэгжүүлж байна. Энэ талаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр “Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт” хэлэлцүүлэг-нэвтрүүлгийн үеэр “Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон төлөвлөлт хэрэгцээ шаардлагыг тодорхойлон үр дүнд чиглэсэн байдлаар төлөвлөн төсвийг хуваарилах арга зам юм. Өмнө нь орон нутагт хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг шууд тусган төсвийг баталдаг байсан бол бүс нутгийн онцлогоос хамаараад уг арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага бий эсэхэд үндэслэн төлөвлөж, төсөвлөж байна” хэмээн онцлон хэлсэн.
Төсвийн төлөвлөлтийн хүчээр буюу Засгийн газраас хөтөлбөрийг нь санаачлаад төсвийг батлан хэрэгжүүлдэг байсан. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд “Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлт” төсөл хэрэгжсэнээр төсвийн төлөвлөлтийг “Зөвхөн дээрээс нь бус мөн доороос нь” төлөвлөдөг болсон нь төсвийн төлөвлөлтөд оролцогч талуудын оролцоог хангаж чадсанаар бодит үр дүнд хүрэх боломжийг бий болгож буй хэлбэр юм.
Товчхондоо “юу, яагаад, яаж, хэн” гэсэн дарааллаар буюу үр дүнд суурилсан байдлаар төсвийн төлөвлөлтийг хийх нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийг уялдааг ханган төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэг хэрэгсэл гэж хэлж болохоор байна.
Зөв бодлогын асуудлыг эхлүүлсэн бол шилжилт хийх, шинэчлэх үйл ажиллагаа нь тасралтгүй явах нь маш чухал бөгөөд үр дүнд суурилсан төсөвлөлт бол суурь реформын шинжтэй зөв бодлого, алхам юм.
Сонгуулийн жил хэдий ч хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу явах учраас дараагийн их хурлын бүрэн эрхийн хүрээнд ч мөн адил хуулийн дагуу үргэлжлэн хэрэгжих ёстой.
Э.Золбаяр