“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэлж байна. Энэхүү хөтөлбөр нь малчдад чиглэсэн томоохон хэмжээний цогц бодлого тул хотын оршин суугчид хамрагдахгүй. Малчин хот руу орсны дараагаар малчны зээл авах боломжгүй юм. Харин хоршооны гишүүн малчид зээлд хамрагдах боломжтой. Орон нутагтаа байгаа малчид зээлд хамрагдах боломж илүү байна гэсэн үг.
Хэрэв хотоос хөдөөд очиж амьдарна гэвэл хөтөлбөрт хамрагдаж болно. Гэхдээ малчин болсон нөхцөлд шүү дээ. Тухайн аймагтаа очсон, тодорхой хугацаанд мал малласан амьдралын гол орлогын эх үүсвэр нь мал болсон нь баталгаажиж байж банкнаас хоршооны хөрөнгө оруулалтын зээл олгохоор байгаа аж. Энэ бол малчинд олгож байгаа зээл. Малчин өөрөө төлөх үүрэг хүлээнэ. Тэгэхээр малчин өөрөө хоршоогоо хянах, үйл ажиллагаагаа хянахад оролцож сурах нь чухал.
Шинэ хоршоо хөдөлгөөн нь хоршооны гишүүн малчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ нь хоршооны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад зарцуулагдана. Тухай хоршооны хөрөнгө оруулалтын зээл нь сумын хөгжлийн төлөвлөлтөд тусгагдсан төслийг санхүүжүүлэх юм байна.
Хөдөөд хоршоо хөгжсөнөөр олон давуу талтай
Энэ өвлийн зуднаар олон малаа алдсан малчид нэлээд хүндэрч байна. Цаашид байгаль цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн зуд, гамшигт үзэгдлийн тоо ойр давтамжтай, нэмэгдэхээр байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Иймд уламжлалт мал аж ахуйн салбарыг өнөөгийн байдлаар авч явах боломжгүйг ойлгосон, эрс шинэчлэл шаардагдаж байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Мал аж ахуйн салбарыг цаашид олон улсын жишиг бүхий хоршоололд суурилсан бие даасан салбар болгоход анхаарч Засгийн газрын зүгээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна.
Өнөөдрийн хөдөөгийн дүр зураг бол уулын аманд ганц, нэгээрээ буусан малчин айл ашиг орлого багатай, амьжиргаа доогуур, хэт олон малтай, бэлчээргүй, түүхий эдээ үнэд хүргэж борлуулж чадахгүй, хот суурин ороход унааны өртөг зардал өндөр гэх мэт сөрөг талтай. Харин хоршоо байгуулж ажилласнаар хамтарч байгалийн гамшиг зудыг даван туулна, хашаа хороо, худаг ус, хадлангаа хамт бэлтгэнэ, малын түүхий эдээ шууд борлуулж илүү ашиг хүртэнэ. Мөн хоршоондоо хөрөнгө оруулалтын зээл авах гээд давуу тал маш олон бий. Иймд Засгийн газраас уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхээр 5-10 жилийн урт хугацаанд 5 их наяд төгрөгийн цогц бодлогыг хэрэгжүүлж эхэлж байна.
Хоршооны элсэлтийн татварыг гишүүд нь тогтооно
Хоршооны бүх гишүүдийн хурлаар элсэлтийн татварын хувь, хэмжээг тогтооно. Энэ нь 1 удаа төлөх татвар юм байна. Ямар боловч хоршоонд гишүүнээр элсэх малчин нь тухайн сумын иргэн, сумандаа оршин сууж хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжтой, элсэлтийн татвараа төлсөн, хоршоонд хувь нийлүүлэх хөрөнгөө нийлүүлсэн байх шаардлагатай аж. Мэдээж олон малчин айл нийлсэн хоршооны гишүүн маш хариуцлагатай, ажилтай, авхаалжтай, 18 нас хүрсэн иргэн байх аж.
“Шинэ хоршоо”-ны талаар хаанаас мэдээлэл авч болох вэ?
Олон хүн “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа юм. Тус хөдөлгөөний төв оффис нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн, 3 дугаар хорооны Энхтайваны өргөн чөлөө, 18А-1 буюу Засгийн газрын 9 дүгээр байранд байрлаж байна.
Хоршооны талаар сонирхсон малчин, хоршоологчид, мөн иргэд олон нийт 1800-2024 дугаарын утсаар мэдээлэл авч болох аж.