“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаар хянан шалгагч нар, шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсох юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн сонсголын эхний өдрийг дүгнэн үг хэллээ.
Тэрбээр "Иргэдийн зүгээс ноцтой асуудлуудыг хэлсэн. Тухайлбал, унаж, татдаг хүмүүсийн хэрэглэх эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан ч энэ нь Монгол Улсын эмийн бүртгэлд байдаггүй гэсэн. Хавдрыг даван туулагчдын нэгдсэн ТББ-аас 2021 оноос хэрэгжиж эхэлсэн сайн ажлаа болиулсан гэх асуудлыг ярьж байлаа. Элэгний D, B вирустэй иргэд чанартай, сайн эм хэрэглэмээр байна. Төсөв нь батлагдчихаад байхад яагаад санаачилгатай ажиллахгүй байна вэ гэдэг гомдол мэдүүлсэн.
Мөн Стандарт хуучирсан тул шинэ эм оруулж ирэхэд анхаарч ажиллахыг шаардсан. Сахарын өвчтэй хүмүүс 7 хоногт нэгийг хэрэглэдэг шинээр гарсан эмийг оруулж ирэх, сахараа хянах тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг ярьж байна.
Мөн эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох үйл ажиллагаа шударга биш байна гэдэг асуудлыг хөндөж ярилцсан. Тухайлбал үйлдвэрлэгчийн нэрээр 10-аас дээшгүй эм бүртгэж, үүний дундаж үнээр даатгалын хөнгөлөлтийг тооцож олгодог. Тэгвэл зарим компани 7-8 үйлдвэрлэгчийн эмийг өөрсдөө бүртгүүлж, өндөр үнэ тавьдаг. Ингээд дундаж үнэ өндөр гардаг. Улмаар өмнө нь боломжийн үнэтэй байсан эм одоо өндөр үнэтэй болчихлоо гэдэг асуудлыг иргэд хэлж байсан. Энэ нь баримтаар нотлогдлоо" гэв.
Сэтгэгдэл (6)