УИХ-аас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-parliament цахим системийг нэвтрүүлээд хоёр жил орчмын хугацаа өнгөрөх гэж байна. Тухайн цахим системийг хөгжүүлэн D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж, өнгөрөгч оны аравдугаар сарын 17-ны өдөр танилцуулсан билээ.
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫН 2 ХУВИЙГ 5 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЭХ УИХ-ЫН ДАРГЫН САНААЧИЛГА ГАЦСАН УУ?
Системд хамгийн анхны санаачилга, өргөдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан юм. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхийг 100,000 иргэний дэмжсэн. Харин тухайн санал одоогоор УИХ-аар хэлэлцэгдээгүй байгаа юм. Энэ асуудалд эдийн засагчид болон Сангийн сайд шүүмжлэлтэй хандаж, эсрэг байр суурьтай байсан юм. Өнгөрөгч онд НӨАТ-ын буцаан олголтын талаар амтай болгон ярьж, хэлтэй бүхэн заргалдахаа тулж байлаа.
100 мянган иргэний санал дараах үе шатыг дамжих ёстой.
- 100 мянгад хүрсэн цагаас УИХ-ын тамгын газар 5 хоногийн дотор энэ саналыг УИХ-ын даргад өргөн барина.
- УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад байнгын хороонд шилжүүлнэ.
- Байнгын хороо холбогдох асуудлаар хэлэлцээд УИХ-ын нэгдсэн чуулганд оруулна.
- Эцсийн шийдвэрийг УИХ олонхоороо гаргана.
Түүнчлэн иргэн ямар санал гаргаж байгаагаас үл шалтгаалан тухайн саналын зөв бурууг хэн нэгэн дарга дэнслэх боломжгүй. Гэхдээ тухайн цахим системд гаргасан, дэмжигдсэн санал болгон хэрэгжихгүй гэдгийг анхаарууштай. Харин санаачилгыг хэлэлцэх түвшинд хүртэл иргэд дэмжвэл хэлэлцэхээс өөр аргагүй өөрчлөлтийг парламентад бий болгож буй.
Таны санал гишүүнээр дамжиж танхимд хүрдэг цаг өнгөрсөн гэсэн үг.
Тухайлбал, тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол, мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол хэлэлцэх нөхцөл бүрдэнэ. Харин хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байдаг.
100 МЯНГАН ИРГЭНИЙ САНАЛААР ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН АНХНЫ САНААЧИЛГА
Намрын чуулганы сүүл даран нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулсан хуулийн төсөл яригдаж байсан нь "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга юм. Энэхүү хуульд олон жилийн өмнө тусгагдаж, хэрэгжиж байсан гадаадын иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах гэх заалт нь иргэдийн бухимдлыг төрүүлж байв. Тэгвэл нийтийн өргөдөл, гомдлын системд 100 гаруй мянган иргэний санал авч, УИХ-ийн өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, тухайн заалтыг хасахаар тогтлоо. Ийнхүү "Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх" заалт Хөрөнгө оруулалтын тухай хуулиас арчигдаж буй юм.
100 МЯНГАН САНАЛТАЙ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ, ХХОАТ-ЫН ХУВИЙГ БУУРУУЛАХ САНААЧИЛГАД "ХАРИУ ЧИМЭЭ АЛГА"
Өнгөрөгч оны аравдугаар сард нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг бууруулах, тухайн сангууд нь алдагдлын хувиа мега төслүүдээсээ бүрдүүлэх гэсэн иргэний санаачилга 100 мянган иргэний саналыг авсан ч одоогоор "хариу чимээ алга". Энэхүү асуудал бол ард түмний амьдралтай салшгүй холбоотой зүйл болсон нь гажих аргагүй үнэн юм. Цалингаас цалингийн хооронд амьдарч буй үед НДШ гэх зэрэг нь ачаан дээр ачаа нэмж, цөөхөн хэдэн төгрөгийн чамлахааргүй хувийг татаж оддог. Гэхдээ татварын асуудал дээр салбарын хүмүүс тун эмзэг хандаж байгаа юм.
"ЭЭЖ" ГЭХ АЖИЛ ХИЙЖ БУЙ ХҮМҮҮСИЙН 50 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХ САНААЧИЛГА ЗАМХРАХ УУ?
Мөн л өнгөрөгч оны аравдугаар сард нийтийн өргөдөл, гомдлын системд байршуулсан энэ санаачилга 100 мянган иргэний санал авч, парламентад хүрэх үүдээ нээсэн. Тэгвэл тухайн санаачлагын тайлбарт "Улс орныхоо ирээдүйн эздийг тээж, төрүүлж, өсгөж хүмүүжүүлэхээр гэртээ сууж байгаа ээж нарт тэднийгээ зөв суурьтай, зөв хүмүүжилтэй, зөв иргэн байхад сэтгэл зүрхээ бүрэн зориулахад сэтгэл санаа амар байх хэмжээний цалинтай болгож өгнө үү" хэмээсэн байна.
Сэтгэгдэл (3)