Хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайханд бус "Таванбогд"-ын Ц.Баатарсайханд гар хүрээгүй салбар, хөл тавиагүй эгнээ байхгүй. Тэрбээр аялал жуулчлал, банк санхүү, машин масло, гурил будаа, ноос ноолуур, хоол унд гээд бүх зүйлээс хүртэж яваа. Чухамдаа "түрүүлж алхана" гэдэг үг энд туйлаас тохирох ч юм шиг.
Энэ бүхнээс харвал амжилттай яваа бизнес эрхлэгч гэж болох ч монополчлогдсон Монголыг атгагч нь тэр л болж байна. Хэрэв бүх салбар нэг нэг оргилтой гэвэл тэнд Ц.Баатарсайхан л алга хавсран сууж байх нь.
Талхаа хүртэл таллаж авахдаа тулсан тарчигдуухан манай нийгэмд Toyota, Geely гэх мэт дэлхийн алдартай брэндийн автомашиныг албан ёсоор оруулж ирдэг “Таванбогд”-оос нүд ирмэхийн зуур зарагдаж байгаа. Ганцхан жишээ дурдахад, “Toyota-Tavan Bogd” хэмээх Таван богд ХХК-ийн албан ёсны хуудаст өчигдөр мэдээлснээр LC300 GR.S загварын 20 ширхэг автомашины урьдчилсан захиалга авахад л эхний секундэд л 78 иргэн мөнгөө шилжүүлж, 58 иргэний төлбөрийг буцаан шилжүүлэхэд тулсан байгаа юм. Энэ автомашины нэг бүрийн үнэ 311.1 сая төгрөг. Таван богдын 300 талх шиг л зарагдаж байгаагийн тод жишээ энэ.
Ер нь Монголд борлуулж байгаа Toyota-гийн автомашины 70 хувийг “Таван богд” борлуулдаг гэдэг судалгаа ч бий. Нэг ёсондоо энэ зах зээл дээр “Таван богд” ХХК бол хэдийнэ монополоо тогтоосон гэсэн үг. “Таван богд”-ийнхон дан ганц Toyota-гийн машинууд оруулж ирдэггүй. Тэд Монгол дахь Хятад машины зах зээлийн мөн л монопол тоглогчид.
“Toyota” болон “Geely” бол Монголын монопол “Таван богд”-ын оруулж ирдэг шинэ автомашины хоёрхон жишээ. Шинэ автомашины зах зээлд монополоо тогтоосон “Таван богд”-ын Ц.Баатарсайхан захирал амташсан хэрээ арван гурав эргэнэ гэгчийн үлгэрээр ханахгүй ээ, яаж л ханах билээ.
Ханавал харсан тэнгэр нь хаях бус уу? "Хуучин машин"-ы бизнес рүү хүртэл Таванбогдынхон таваргаж, авч болох бүхэнд гэрлийн хурдаар хүрч, бизнес эрхлэх гэж мэрийж байгаа болгоны урдуур улаан галзуу давхин орж байна. Шинэ автомашины худалдаанд ч монополоо тогтоосон Хөдөлмөрийн баатар өдгөө хуучин машин руу ч хуруугаа дүржээ. “Beta cars” хэмээх “Таван богд”-ын хамаарал бүхий энэ компани хуучин машины зах зээл рүү орж ирээд удаагүй байгаа ч бас л толгой компаниуд шигээ монопол болохоор улайрч байгаа.
Болох ч байх. Учир нь, “Таван богд”, Ц.Баатарсайхан захирал үнэндээ, талбар бүрд тахим өгөлгүй ганцаараа туг тойрч байгааг цөмөөр харсан. Төрийн мэлмийд ойр явж, хэн нэгэнд тахим өгч байгаагүйнх нь төлөө "Хөдөлмөрийн баатар" ч болгосон.
Бизнес эрхэлж байгаа хүн бол энд бараг л "будда, есүс" гэх мэт. Үүний цаана ямархан үнэн байгааг харж сонирхох хэн ч үгүй. Тэгвэл Таванбогдын Ц.Баатарсайханы ард буюу ариун цагаан хөдөлмөр, арван ажилтантай эхэлсэн түүхийн ард юу нуугдаж байгаа нь сонирхолтой. Асар хурдаар бүхнийг зууж байгаагийн цаана саад тогтгорыг зайлуулагч бий юу. Бизнесээ өргөжүүлж, босго болгоны шороог өвдөгөөрөө ч болов арчиж үзэх сонирхол бүгдэд бий. Харин салбар бүрийн тооноор ордог Таванбогдынхон хааяа ч гэсэн гараа хумхиж байвал болох сон.
М.Жаргал
Сэтгэгдэл (9)