Шинэ оны эхэнд Монгол ахмад мастеруудын нэгдсэн волейболын холбоо байгуулагджээ. Тус холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар Спортын мастер Д.Баяраатай ярилцлаа.
-Монгол ахмад мастеруудын нэгдсэн волейболын холбоо хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? Уг холбооны талаар яриагаа эхэлье.
-Монгол ахмад мастеруудын нэгдсэн волейболын холбоо 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр албан ёсоор тамга гэрчилгээгээ аваад үйл ажиллагаа эхлээд явж байна. Манай холбоо мартагдсан болон урьд нь Монгол Улсын шигшээ багт тоглож улсынхаа нэрийг гаргаж байсан ахмад мастеруудаа залуу хойч үедээ таниулах, үлгэр дуурайлал болгох, ийм хүмүүс байсан шүү хэмээн залуучуудад мэдүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Улсын уралдаан тэмцээнд ороод цолоо аваагүй, шагналаа аваагүй маш олон хүн байдаг юм байна. Нэгдүгээр зэргээ ч аваагүй хүмүүс бий. Үүнийг улсын хороотой хамтран зэрэг, цолыг нь олгох ажлыг хийнэ дээ. Миний бие “Эрчис тал” волейболын клубийн захирлаар ажилладаг. Манай клуб байгуулагдаад арван жил болж байна. 2018-2021 оны хооронд Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан. Тухайн үеэс ахмадууд маань гомдолтой, орхигдож байгааг анзаарсан юм. 2021 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй залуучууд маань ажил ихтэй амжихгүй байж магадгүй л дээ. Гэхдээ ахмадуудыгаа бид яагаад ч орхиж болохгүй. Бодоод байхад ахмадууд маань мартагддаг юм байна. Би өөрөө 55 нас хүрч байна. Бас мартагдаад л явж байгаа хүн.
-Санхүүгийн эх үүсгэвэр ээ хэрхэн зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? Улсаас төсөв байхгүй шүү дээ.
-Тийм ээ. Улсаас төсөв байхгүй учир байгууллага, холбоодтой хамтран ажиллаад 2024 оны үйл ажиллагааг амжилттай зохион байгуулна. Цаашид удирдах зөвлөлөө байгуулаад, үйл ажиллагаагаа эхлэхэд санхүү эдийн засгийн асуудал үүсэх гарцаагүй. Гэхдээ одоогоор ажлын төлөвлөгөө дээрээ ажиллаад явж байгаа.
-Одоогоор энэхүү холбоонд гишүүнчлэлтэй хэдэн хүн байна вэ?
-2500-3000 гаруй ахмад мастерууд бий. Одоогийн байдлаар 21 аймгийн салбар зөвлөл байгуулагдах ажил явагдаж байна. Дундговь, Өмнөговь, Төв, Орхон аймгууд шийдэл нь гарчихсан. Бусад аймгууд руу холбогдоод явж байна даа. Салбар зөвлөлөө байгуулсны дараа тэмцээн уралдааны зохион байгуулалтын ажил руу орно. Эхний элжинд Монголын волейболын холбоодтойгоо хамтраад ахмад мастеруудын тэмцээн зохион байгуулна. Бид хэдий биеэ даасан байгууллага ч гэсэн Монголын волейболын холбоогоо хүндэтгэн харьцах хэрэгтэй болов уу гэж боддог.
-Уг холбоо олон улсад Монголыг төлөөлөх боломж, нөхцөл бий юу?
-Бидний энэ жилийн төлөвлөгөө дээр 2024 оны зургаадугаар сард болох Итали улсын Милан хотод ахмад мастеруудын дэлхийн цомын тэмцээн бий. Энэ тэмцээн бол бидний хамгийн анхны оролцох олон улсын тэмцээн юм. Шигшээ багаа бүрдүүлээд уг тэмцээнд оролцох боломжийг судлаад явж байна.
-Цаашид ямар ажлуудаар холбооны үйл ажиллагаагаа өргөжүүлэх вэ?
-Юуны өмнө ийм холбоо байгуулагдсан шүү гээд олон нийтэд таниулахыг хүсэж байна. Ийм холбоо ахмадуудыг дэмжиж, ингэж ажилладаг юм байна хэмээн нийгэмд ойлголтыг өгөхийг зорьж байна даа.
-Олон улсад ахмадуудыг хамарсан олон тэмцээн уралдан болдог шүү дээ. Амжилттай оролцсон туршлагуудаас хуваалцвал?
-2021 онд Польш улсад болсон мастеруудын дэлхийн цомын тэмцээнд ОУХМ Тамир, Мөнх-Оргил, Отгонтөгс, Цэрэнбат тэргүүтэй тамирчид оролцоод мөнгөн медаль авчирсан. Энэ бол маш том боломж. Иймд ахмадууд олон улсын тэмцээнд амжилт гаргах боломж бүрэн бий. Итали улсын Милан хотод болох тэмцээн бол уг тэмцээний дараагийн тэмцээн нь юм. Энэ жил 2021 онд гаргасан амжилтыг бататгахын төлөө сайн шигшээ баг бүрдүүлэн оролцоно.
-Өнөөг хүртэл Волейболын спорт ордонгүй яваа. Өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн ордонтой болох боломж байсан л байхдаа?
-1990 оны үед волейболын спортыг орхигдуулахгүйн тулд сайн ажилсан байх л даа. Тухайн үед газар , хууль зэрэг гайгүй байсан. Яагаад волейболын ордны газар батлуулж чадаагүй юм бол хэмээн боддог юм. 2018-2021 онд волейболын заал барихаар шаваа тавьж байлаа. Тэр үед ерөнхийлөгч нь ажлаа өгөөд, бид залуучууддаа ажлаа өгсөн. Одоо тэр ордон сагсны ордон болж байгаа юм билээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (21)