Индонез улсын Жакарта хотод энэ сарын 18-ний өдөр өндөрлөсөн Ази тивийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд манай буудлагын тамирчин ОУХМ Э.Даваахүү Хийн гар бууны 10 метрийн дасгал хүрэл, 25 метрийн Стандарт гар бууны дасгалд мөнгөн медалийг хүртэж, анхны олимпын эрхээ өвөртөлсөн билээ. Тэгвэл бид та бүхэнд түүнтэй багахан яриаа өрнүүлснээ хүргэж байна.
-Парисын олимпод оролцох эрхээ авлаа. Сэтгэгдэл мэдээж өндөр байгаа байх?
-Олимпын эрхээ аваад, бэлтгэл сургуулилтдаа орчихсон сэтгэгдэл өндөр байна. Бас давхар үүрэг хариуцлага ирж байгаа.
-Хэзээнээс энэ спортод шимтэв?
-Би 2008 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хичээллэж байна.
-Буудлагын спортоос өөртөө суулгасан ололт юу гэж хардаг вэ?
Бүтэн 16 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд алдах, онох, амжилт үзүүлэх гээд л олон зүйлсийг туулсан байна. Тэсвэр хатуужлаас эхлээд сурсан зүйл их байгаа. Би ер нь дүрсгүй талдаа хүүхэд байсан. Харин буудлагын спорт надаас тайван, дөлгөөн байхыг шаардсан. Энэ болгоныг тэнцүүлж сурна гэдэг спортын гавьяа юм даа.
-Өдий хүртэл олон тэмцээн, уралдаанд оролцсон нь мэдээж. Тэдгээрээс таны сэтгэлд хамгийн тод дурсамж, туршлага үлдээсэн тэмцээний тухай яривал?
2015 онд Өмнөд Солонгосын Гуанжу хотод Универсад наадамд оролцсон минь юм даа. Тэр тэмцээнд эхний төрөлд багаараа хүрэл медаль, дараагийн төрөлд багаараа мөнгөн медаль авсан. Хувиараа би финалд шалгарч, алтан медаль авсан юм. Одоо бодоход сэтгэлд тод үлдсэн, догдлол дагуулсан тэмцээн байж. Өөрийгөө маш сайн удирдаж, анхаарлаа дээд зэрэгт аваачин зөв буудалтуудыг хийж байсан болохоор сэтгэлд тод байна.
-Саяын ААШТ-ээс юуны өөр байв?
-Сая финалд найман тамирчин шалгарсан. Тэдний түрүүлсэн нь олимпын эрхтэй. Үлдсэн долоо нь хоёр олимпын эрхийн төлөө өрсөлдөхөөр байсан. Миний хувьд финалын өмнө сэтгэлзүйгээ сайтар бэлдэж, төлөвлөгөөгөө нарийн гаргасан. Суурь арван сумныхаа тавыг нь буудчихаад хартал наймдугаар байрт явж байсан. Тэгээд би бууж өгч болохгүй , чамд боломж байна гэж өөртөө хэлсэн. Дахиад таван сумны ард харсан чинь тавдугаар байр руу ороод ирчихсэн. Бүх тамирчдын оноо эл харагддаг болохоор байраа ахиулахын тулд хэдэн оноо авах ёстойгоо тооцоход амар л даа. Тэгээд 2015 оны туршлагаа эргүүлэн санаж, сум болгон дээр анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн дээ. Удалгүй 12, 14 дүгээр сумны дараа нэгдүгээр байрт бичигдсэн байсан. Үүний дараагаар илүү тактикын буудалд хийж, тэргүүллээ хадгалахыг хичээсэн. Нэг жижиг алдаа маань гуравдугаар байр руу унагасан. Тэгээд тэр байраа хадгалж яваад л хүрэл медаль хүртсэн дээ. Сүүлийн ганц суман дээр бүх зүйлээ гаргасан. Тэгэхээр энэ бас миний амьдралд тод үлдэх дурсамжтай тэмцээнүүдийн нэг байсан гэж хэлмээр байна.
-Буудлагын тамирчид тэмцээнд явлаа л гэцгээдэг. Ер нь дотоодын өрсөлдөөн хэр байдаг юм бэ?
-Эмэгтэй гар буу буюу эмэгтэй урт бууны төрөлд дотоодын өрсөлдөөн их байдаг. Олимпын медаль хүртэх, дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой нэг төрөлд гэхэд л зургаагаас долоон тамирчин байгаа гэж ойлгож болно. Тэд маань олимпын наадмын өмнө гурван шатны сонгон шалгаруулалтад оролцоод хэн нь олимпын эрхийн төлөө өрсөлдөхөө шийддэг.
-Эрэгтэй тамирчдын хувьд?
-Манай хүүхэд, залуучууд спорт сонирхох нь багассан юм болов уу. Эсвэл е-спортод илүү татагдаад байгаа юм уу гэж харж байгаа. Тийм учраас сэтгэлзүй, оюуны спортыг сонирхох нь багасаад байгаа байх. Эрэгтэй хүүхдүүд буудлагын спортоор хичээллэж эхлээд удалгүй уйддаг ч юм уу, шантардаг ч юм уу гараад явчихдаг. Уг нь уйдах багахан хугацаагаа даваад гарчихвал спортын өндөр амжилт гаргаад явах бүрэн боломж байгаа. Монголд эрэгтэй гар бууны төрөлд дотоодын өрсөлдөөн харьцангуй бага байна. Эмэгтэйчүүдийн дунд өрсөлдөөн ширүүн байгаа.
-Өрсөлдөөн бага болохоор байгаа хэдийгээ л гадагшаа явуулчихаад байгаа гэж ойлгож болох уу?
-Өрсөлдөөн бага ч гэсэн мэдээж хэрэг албан ёсны сонгон шалгаруулалт хийгдэнэ. Тэндээс шалгарсан тамирчид олимпын эрхийн тэмцээнд ордог.
-Тэгвэл та хүүхэд залууст юу гэж хэлмээр байна?
-Тэд маань энэ спортыг сонирхон хичээллээсэй гэж хүсдэг. Сэтгэлзүй, оюуны сонирхолтой спорт шүү. Бие бялдартай байхаас гадна оюунлаг, сэтгэлзүй өндөр, хатуужилтай болгоно. Монголын нийт хүүхэд залууст хэлэхэд, зөвхөн буудлага гэлтгүй бүх төрлийн спортоор хичээллээрэй гэмээр байна. Эрүүл саруул, урт удаан амьдрахад эрүүл мэнд хэрэгтэй. Эрүүл мэнд бол спорт шүү. Бас оюуны асар олон чадамжуудыг өөртөө суулгаж авна. Их спортын ард ёс суртахууны хүмүүжил бий. Бүх спорт өөрийн гэсэн оцнлогтой. Тийм хүүхдүүд маань болохоор ямар ч хамаагүй спортоор хичээллээсэй. Наад зах нь бусдыг хайрлах, хүндлэх чадвартай болно.
-Е-Спортын тлаар та ямар бодолтой явдаг вэ?
-Саяхан манай тамирчид дэлхийн аварга болчихоод ирсэн. Үнэхээр бахархам сайхан санагдсан. Ер нь ямар ч салбарын хүн бай хамаагүй бүрэн эрхэт Монгол улсынхаа далбааг мандуулж байгаа нь л хамгийн чухал зүйл байхгүй юу. Амжилттай яваа хэн бүхэн Монголын бахархал шүү гэж хэлмээр байна.
-Буудлагын тамирчдын хувьд нүдээ хамгаалах нь хамгийн чухал байдаг байх?
-Миний хувьд нүдний витамин ууж, дусаалга хэрэглэдэг. Мөн өглөө болгон нүдний дасгал хийж, аль болох амраахыг илүүд үздэг дээ.
-Байнга шахуу холыг харж байдаг болохоор муудах нь бас гайгүй байдаг уу?
-Ер нь хүмүүс буудлагын спортыг хараатай холбож яриад байдаг. Хараа муутай, би буудаж чадахгүй байх гэж ярих нь ч бий. Би тэдэнд хараа ямар ч хамаагүй гэж зөвлөдөг. Яагаад гэвэл орчин цагт шинжлэх ухаан хөгжөөд хүний нүдийг яаж л бол яаж эмчилдэг болсон байна шүү дээ. Ямар ч хараанд тохирсон шилийг бүтээж чадаж байгаа. Тийм учраас харааны бэрхшээл буудахад ямар ч хамаагүй.
-Байлсан байгаа онох мэдрэмжийн талаар ярьж өгвөл?
-Мэдээж хэрэг сайхан байлгүй яахав. Тэр тусмаа голын голд онох мэдрэмж бол сайхан. Харин яаж тэнд онох тухай бодох нь хэцүү. Шууд онилоод онох хүн бараг л байхгүй. Түүнээс өмнө тухайн тамирчин өөрийгөө сайн бэлдэж, техникүүдээ маш сайн эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Бас 100 хувь гүйцэтгэл хийх нь чухал. Хаана оносон нь хажуугийн дэлгэцэнд харагдаж байгаа. Үнэхээр л 100 хувийн гүйцэтгэл хийчихлээ, сайн буудлаа шүү гэж бодохтой зэрэгцээд тэр дэлгэц рүү харахад оносон байх мэдрэмж бол үнэхээр сайхан байдаг шүү.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)