ЯДМААГИЙН ЧОЙЖАМЦ (1956-2024)
Бидний журмын нөхөр, Цэргийн нэрт зүтгэлтэн, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн хүндэт профессор хошууч генерал Я.Чойжамц 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз, их уй гашуу тохиолоо.
Тэрбээр 1956 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрж, Цэргийн Ерөнхий Дээд Сургууль, ЗХУ-д М.Фрунзын нэрэмжит Ерөнхий Цэргийн Академи, АНУ-ын Батлан хамгаалахын нөөцийн менежментийн институт, Аж үйлдвэрийн коллежийг төгсч, Сингапур, Япон, Финланд, Бруней, БНСУ, Англи, Итали Улсуудад мэргэжил дээшлүүлсэн Цэргийн болон нөөцийн стратегийн шинжлэх ухааны магистр, профессор цол хүртсэн тэргүүний сэхээтэн байлаа.
Хошууч генерал Я.Чойжамц нь 1978 оноос салаа, ротын захирагчаас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж, ангийн захирагч хүртлээ шатлан дэвшиж, улмаар
Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын дарга, ЗХЖШ-ын даргын зөвлөх, орлогч дарга, дэд дарга, Төрийн захиргааны төв байгууллагад газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
Цэргийн боловсролын байгууллагад факультетын орлогч дарга, сургуулийн дэд захирал, захирлын үүрэг гүйцэтгэгч, захирал, АНУ-ын Төвийн Командлалын дэргэд суух Үндэсний ахлах төлөөлөгч зэрэг өндөр хариуцлагтай албан тушаалыг нэр төртэй хашиж, батлан хамгаалах салбарын шинэчлэлтийн үйл явцыг удирдан чиглүүлж, Зэвсэгт хүчний энхийн үйл ажиллагааны оролцооны үндэс суурийг тавин бэхжүүлэх, Ирак, Афганистан, Косово, Сьерра Леон Улсуудад үүрэг гүйцэтгүүлэх асуудлыг ажил хэрэг болгох, түүнчлэн энхийг дэмжих чадавхийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан өөрийн бүхий л мэдлэг, чадвар, туршлагаа дайчлан ажилласан чадварлаг, туршлагатай удирдах ажилтан, цэргийн нэрт зүтгэлтэн байв.
Түүний эхлэлийг нь тавилцсан “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь зөвхөн монголын энхийг сахиулагчдын төдийгүй дэлхийн олон улс орнууд, цаашлаад НҮБ-ын энхийг сахиулах чадавхийг дээшлүүлэхэд томоохон нөлөө үзүүлэхүйц арга хэмжээний нэг болсон билээ.
Цэргийн нэрт зүтгэлтэн, ҮБХИС-ийн хүндэт профессор хошууч генерал Я.Чойжамцын хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Алтангадас одон”, “Цэргийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын ойн медалиуд, салбарын шагналуудаар, НҮБ болон гадаад, улс орнууд өндөр дээд одон, медалиудаараа шагнасан юм.
Хошууч генерал Я.Чойжамцын хөдөлмөрч зан чанар, албаны өндөр ёс зүй, хариуцлага, үлгэр дуурайлал, хүнлэг энэрэнгүй, хамтач зан чанар, гэгээн дүр төрх, үйл хэрэг нь бидний зүрх сэтгэлд мөнхөд дурсагдах болно.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ, ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ, БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, МОНГОЛ ГЕНЕРАЛ ТӨВ, УЛААНБААТАР ХОТ ДАХЬ НУТГИЙН ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл (1)