Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт уг хуулийн төслийг хэлэлцсэнээс хойш олон шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад буй. Тухайлбал, уг хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн мэдүүлсэн бөгөөд тэрбээр танхимын гишүүдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Мөн энэ асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга шаардлага хүргүүлсэн. Иймд уншигч та бүхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх байр суурийг хүргэж байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт
Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж улс орон хөгжинө. Улс хөгжиж гэмээн ард иргэдийн орлого нэмэгдэнэ. Цаашлаад гадаадад ажиллаж байгаа залууст эх орондоо ажиллах нөхцөл бүрдэнэ. Ийм ч учраас "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлтийн төслийг оруулж ирсэн. Ингэхдээ олон хэлэлцүүлэг хийсэн.
Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтай банк байгаасай гэж хүсдэг. Гадны банк орж ирж байж өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурна. Үүний үндсэнд ард түмэн зээлийн хүүгийн дарамтаас гарна, нэмэр болно. Гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургууль манай улсад байгуулагдаасай гэж хүсэж байгаа юм. Монголдоо дэлхийн боловсролыг эзэмших үүд хаалга тэгж нээгдэнэ. Гадаадын эмнэлгүүд монголд үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсдэг би. Ингэвэл хэдэн зуун саяар гадаад явж эмчлүүлдпэг иргэд монголдоо эмчлүүлж чадна. Жалгаар нэг хаягддаг арьс ширийг боловсруулдаг үйлдвэрийн хөрөнгө оруулагчдыг монголд орж ирээсэй гэж хүсэж байгаа юм. Түүнийг ашиглан бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд манай улсад байгуулагдаасай гэж зорьж байгаа юм. Анхан шатны боловсруулалт хийж, түүхий шахам экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулдаг хөрөнгө оруулагчид орж ирээсэй гэх хүсэл байна. Ингэж байж мянга, мянган залуус өндөр орлоготой болох боломж бүрдэнэ. Аль болох хурдан хугацаанд энэ хуулийг боловсруулах ёстой" гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Цоорхой хууль
Тэрбээр "Газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Ирэх онд томсгосон тойргоор явуулах гэж байгаа юм бол энэ бүтцээрээр хэлэлцүүлээч. 1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчийн 100 мянган ам.долларыг 2013 оны 100 мянган ам.доллар гээд үргэлжлүүлж, толгой эргүүлж яриад байгаа юм. Энэ 100 мянган ам.долларын босго алга болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай газрын эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдлыг бий болгосон цоорхой хууль болох нь.
2024 оны сонгуулийн дараа хэлэлцүүлээч гэдэг асуудлыг Ерөнхийлөгч байсан хүний хувьд тавьлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллагууд өөрсдөө үгүйсгээд байдаг учир энэ тал дээр эргэн харах хэрэгтэй. Намын бүлэг 3 сая иргэнийг төлөөлж чадахгүй" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө
Тэрбээр "Би Хөрөнгө оруулалтын хууль дээр 50, 100 мянган ам.долларын босготой холбоотой асуудлыг хөндөж байсан. 50 мянган ам.доллароор байр, машин худалдаж аваад, Монголд байнгын оръшин суух гаднын иргэдтэй болох нь ээ гэж хөндсөн. Энэ хууль дээр босго байхгүй. Уг нь хөрөнгө оруулалтын хэлбэр маш олон болж байна. Барилгад хөрөнгө оруулах буюу хямдхан байшин худалдаад авчихад Монголд байнгын оршин суух эрхтэй болно. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Хуулийн төслийн 16.1.5-д нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулсан тохиолдолд Монголд байнгын оршин суух эрх авч болно гэж заасан байна. Энэ болохгүй. Манайд хөрөнгө оруулахад хангалттай хөнгөлөлт бий. Янз бүрийн хүчний байгууллагатай нийлж байгаад гаднынхныг дээрэмддэг байдлыг зогсоох хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)