Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Хүний өмнөөс, хүний зовлонгоор зовсонгүй гэж бухимдахыг хүний эрхийн мэдрэмжтэй байна хэмээн сэтгэх нь бий болжээ. Нэг талд өнчин, нөгөө талд элэг бүтэн байхад хагасыг энэрэх нь л чухал болов. Гэтэл жаргалтай байгаагаа хорвоогоор дүүрэн зарламаар нэгэн байгаа шүү дээ. Түүнд эрхийг нь өг. Үнэн хэрэгтээ өрөөлд яаж жаргах, яаж гунихыг нь заадаг нэг үе бий болов.
Бид бусдын ялалтад баяр хүргэж чадахаа ч больсон. Ямар нэгэн өө сэв гаргаж ирээд л гутартал нь жийнэ. Доошоо жийнэ. Гутарсан хойно нь сая нэг уужим амьсгаа авч үсэрч дэвхцэнэ. Өөрийнхөө хийснийг зэрэгцүүлж тавина. Эгогоо хүний сэтгэл зүйн эрүүл мэндээр тэжээнэ. Ингэж л хүний зовлонгоор зоог барьдаг болов.
Цахим ертөнц нь ялын тогтоол уншдаг шүүхийн танхим шиг болж, хүнд хэлэх үгс улам л хүйтэн мэс шиг болж байна. Гэрэл гэгээг гэрэлтэй чигээр, харанхуйг харанхуй хэвээр тэврэх эрхийг нь зооглохоо больё.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)