БОАЖЯ, Ойн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ болон “Оюу толгой” ХХК, Дархан-уул аймгийн Хонгор сумын нутагт орших Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд нийт 187 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын “Хамтран ажиллах гэрээ” -г үзэглэлээ.
Хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаагаар эвдэрч, эзэнгүй орхигдсон газруудыг нөхөн сэргээх, хамгаалах, цаашид хууль бус алт олборлолт явуулахгүй байх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ач холбогдлыг гэрээнд тусган хэрэгжүүлнэ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” зорилтын хэрэгжилтийг хангах, “Нөхөн сэргээлт-2023” арга хэмжээний хүрээнд бичил уурхайн нөлөөгөөр эвдэрч орхигдсон газрыг нөхөн сэргээж, мод тарих, арчлан хамгаалахад Талууд хувь нэмрээ оруулахаар тохиролцов.
2022-2023 онд “Оюу толгой” ХХК-тай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг орчимд эвдэрсэн 334,7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэснээр, Ялбагийн голын урсац сэргэсэн нь байгаль орчинд ихээхэн ач холбогдолтой ажил болсон юм. Энэ ажлыг 2 жилийн хугацаатай зохион байгуулахаар төлөвлөсөн ч ондоо багтаан гүйцэтгэж чадсан.
Мөн энэ жил 150 мянган га талбайд ойн хортон шавжтай тэмцэх ажлыг хамтран зохион байгууллаа. Ирэх жил дээрх хэмжээний талбайг хортон шавжаас хамгаалах ажлыг хийхээр тохирсон зэрэг тус компанитай хамтран ойн санг нэмэгдүүлэх, доройтсон ойг нөхөн сэргээх, хамгаалах чиглэлээр олон ажлууд төлөвлөөд байгаа. Энэ удаагийн гэрээний хүрээнд хийгдэх ажлыг ч талууд богино хугацаанд, гүйцэтгэл сайтай хэрэгжүүлэх болно гэдгийг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ онцоллоо.