Монгол Улсад 1921-1990, ялангуяа 1937-1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлт дээд цэгтээ хүрч, олон мянган хүний амийг хөнөөн, соёлын өв, үнэт зүйлс үрэгдэн сүйтгэгдсэн түүхийг илтгэсэн “Монголын нэн шинэ үеийн түүх: Их хэлмэгдүүлэлт ба Соёлын устгал” тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Гванжу хотын Азийн Соёлын төвд энэ сарын 24-нд дэлгэнэ.
Говийн V догшин ноён хутагт Данзанравжаагийн өв соёлын музейн үзмэрээр баяжуулсан, хэлмэгдүүлэлтийн талаарх түүхийн баримт, гэрэл зураг бүхий тус үзэсгэлэнг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс Азийн соёлын төвтэй хамтран нэг сарын хугацаанд олон нийтэд дэлгэж, соёл урлагийн тоглолтын хамт зохион байгуулна.
Түүнчлэн, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын санаачилгаар Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музейтэй хамтран ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж хөтөлбөр”-ийн удирдамжийн хүрээнд “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д соёлын хэлмэгдүүлэлтийн үед ноён хутагтын устгагдаж үгүй болсон үнэт өвийг тодорхойлох, түүхийн баримт материал болгон бүртгүүлэх, үлдсэн үнэт өв, түүний баримтат өвийн дурсгалыг хадгалж хамгаалах, олон нийтэд таниулахыг зорьж байгаа юм.
Иймд БНСУ-ын Азийн соёлын төвийн урилгаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа тэргүүтэй албаны хүмүүс Гванжу хотод 11 дүгээр сарын 23-24-нд зочилж байна. Тэрбээр өнөөдөр Гванжу хотын дарга болон Азийн ижил төрлийн 5 улс орны төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, ардчилал, хүний эрх, энх тайвны байгууллагуудын хамтын эв нэгдэл, тогтвортой солилцооны байгууллагыг өргөжүүлэх уулзалтад оролцон, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үp дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, нөлөөллийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага солилцоно. Ингэснээр хэлмэгдүүлэлт болж байсан Азийн орнуудын сүлжээнд нэгдэж орох боломжтой. Мөн аливаа түүхийн маргаан болон гал, ус гэхчлэн гэнэтийн гамшигт архив устаж үгүй болох эрсдэлтэй тул хэлмэгдүүлэлттэй холбоотой архив, материалаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр төлөвлөөд байна. Манай улс энэ чиглэлээр БНСУ-аас туршлага судалж, амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөөс суралцахыг чухалчилж байгаа юм.
БНСУ нь соёлын хэлмэгдүүлэлтийн асуудлаар тодорхой ажлыг амжилттай хийжээ. Гванжу хот дахь Азийн соёлын төв нь “Ардчилал, хүний эрх, энх тайван” гэсэн үгсийг зарчмаа болгон, 1947, 1980 онд тус улсад болсон хэлмэгдүүлэлтэд өртөж үгүй болсон соёлын өвийг олонд таниулах чиг үүрэгтэй ажилладаг.
Гванжу хотын Чоннам үндэсний их сургуулийн оюутнууд 1980 оны 5 дугаар сарын 18-нд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагссаныг тус улсын зэвсэгт xүчин гал нээж, хүчирхийлэл үйлдсэний дараа ардчилсан хөдөлгөөн эхэлсэн гэж үздэг байна. Энэ үеэр олон хүнийг хэлмэгдүүлэн, шоронд хорьж, амь насыг нь хөнөөсөн бөгөөд хэлмэгдэгсдийн талаарх архив, баримт материалыг нь ЮНЕСКО-д бүртгүүлсэн туршлагатай.
БНСУ нь соёлын хэлмэгдүүлэлтийн талаар дагнан ажилладаг төрийн байгууллагатай бөгөөд соёлын хэлмэгдүүлэлтийг төрийн буруу үйл ажиллагааны үр дагавар, гэмт хэрэг гэж үзэн, хуулийн шинжлэх ухааны судлагдахуун болгожээ. Төрийн бодлогоороо ардчиллын хөдөлгөөний түүхийн баримт материалыг түгээх, судалгааны эргэлтэд оруулах хэлмэгдүүлэлт давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсдаа төдийгүй бүс нутагтаа Ардчиллын загвар өв болгоход онцгой анхаардаг байна. Тус хөдөлгөөн болсон Гванжу хотыг БНСУ-ын Ардчиллын өлгий хот хэмээн зарлажээ.
Харин Монгол Улсын “Их хэлмэгдүүлэлт, улс төрийн хэлмэгдүүлэлт”-д тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан олон хүн өртөж амиа алдсанаас гадна зарим нь хийгээгүй хэргийнхээ төлөө шорон гянданд хилсээр хоригдож хохирсон. Лам хуврагууд ч олноор өртөж, Монголын шашин, соёлын төв болж байсан олон зуун сүм хийд устаж үгүй болсон билээ.
Ноён хутагт Данзанравжаагийн үлдээсэн өв соёлын 1500 гаруй авдар эд зүйлс 1930-аад онд байсан гэдэг. Мөн түүний байгуулсан сүм хийдүүд Монголын шашин, соёлын төв болж байжээ. Харамсалтай нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед түүний бүтээсэн их өвийг устгаж, 3 сарын турш шатаасан гэж нутгийн иргэд ам дамжин ярьдаг аж.
Түүний энэ их өвөөс 64 авдрыг авч үлдсэн гавьяатнууд нь Данзанравжаа хутагтын өв соёлыг үе дамжуулан хамгаалж, хадгалан уламжлуулж ирсэн тахилч нар билээ. Данзанравжаа 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрж, 54 наслахдаа шашин, соёлын хосгүй үнэт өвийг үлдээсэн их соён гэгээрүүлэгч байсан юм.
Эдгээр он жилийн алдаа завхралыг засаж залруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг 1990 онд байгуулж, 1996 оноос жил бүрийн есдүгээр сарын 10-ыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгожээ.