Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Цүчия Шинако болон тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд дэд сайд Японы ард түмэн манай улстай гуравдагч хөршийн хувиар хандаж дэмжлэг туслалцааг харамгүй үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд Япон Улстай хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүнгийн талаар товч мэдээлэл өглөө.
2017 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр, 2019 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Оршин суух зөвшөөрөлтэй Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх” арга хэмжээ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрхийг хангах, нийгмийн тэгш оролцоог бүрдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.
Манай улсын тухайд дундаж насжилт харьцангуй уртсах төлөвтэй байгаа. Тиймээс ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээнд Япон Улсын сайн туршлагаас хуваалцаж хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.