Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулганд 800 орчим малчин оролцож байна. Манай улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 305.1 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13.1 хувь, ажиллах хүчний 55.8 хувь, импортын 5.4 хувь, экспортын орлогын 6.0 хувийг бүрдүүлж байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулиудад малчдын зарим эрх, үүргийг шинээр тодорхойлсон. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тодорхой тусгасан байна.
Монгол улсын засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол малчин үндэсний” хөтөлбөр нь төрөөс малчдыг дэмжих, малчдын идэвх санаачилга, хувь нэмэр, оролцоог сайжруулах, малчдыг чадавхижуулах, тэдгээрийн хөгжлийн тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх, малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, бүтээмж, орлого, ашгийг нь өсгөхөд чиглэгдсэн суурь хөтөлбөр юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Ажил олгогч” нь туслах малчинтай “Хөдөлмөрийн гэрээ байгуулах” загварыг боловсруулж хэрэгжүүлсэн нь малчдын залуу халааг бэлтгэх хууль, эрх зүйн бодит боломжийг бүрдүүлсэн.
Түүнчлэн ажил олгогч болон гэрээт малчдын хоорондын хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, зөрчлийг шийдэх, гэрээт малчин өрх болон цөөн тоотой залуу малчин өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулах ажил орон нутагт хэрэгжиж байна.
Залуу малчдын үндэсний нэгдсэн чуулган салбар хуралдаан хэлэлцүүлгээр үргэлжлэнэ. Мал аж ахуйн салбарын 800 орчим төлөөлөгч тулгамдаж буй асуудал, өөрсдийн туршлагаа хуваалцан “Морьтны өв соёл – уламжлал, шинэчлэл”, “Хариуцлагатай малчин ба дэлхийн зах зээлийн боломжууд”, “Мал аж ахуйн салбар дахь инновац хөгжүүлэлт” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.