Монголын утга зохиолд хүн болгонд хүндлүүлж, аа бас адлуулсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нэгэн сайхан яруу найрагч байлаа. Түүний уран бүтээлээс залуу нас, хайр, хагацал, ганцаардал л үнэртдэг сэн. Нэгэн цагт оюутан явж, түүнтэй тамхилж, архи ч ууж үзсэн. Гэвч гуниг төрөөд алхахад тэр үргэлж л хотын төвөөрх гудамжны даруухан сандал дээр эзэн шиг нь сууж байх. Аа харин цалин, хөлс буучхаад ганц шил юм аваад өгчих санаатай явахад тэр огт таардаггүй байж билээ. Тэгээд л би түүнийг сэтгэл хийгээд гуниг, ганцаардлын өглөг горьдогч байжээ л гэж боддог юм. Одоо тэр үгүй. Орчлонд шүлэг нь л үлдсэн.
Дотно нандин бүхэн минь шаналгаат самуурлаар дуусч байхад
Шөнийн гийчин болж харанхуйд чинь би ирлээ
Нохдынхоо дуу шиг элэгсэг дотноор угт даа
Шуурган цастай нэгэн сарын Өлзийт минь
Хулгайч нь хүртэл ийм шуургаа зүхдэггүй
Хувь заяаны чинь нэгэн шөнөөр аяны үүргэвчтэй
Хашааны нөмөрт гэмтэн мэт зогсох надаас
Халуун сэтгэл хайх мэт салхи нь исгэрэн заам ярна.
Ай тэр гэрийн минь тооноор гэрэл үзэгдээд
Алиахан ээжийн энгэрт дүү минь үнэгчлэн байгаа
Атгасан гарт нь ч хайр шингэсэн аав минь
Амбаарынхаа дээврийг босгоод л амжжээ ганцаараа
Асаасан янжуурын улаан цог улалзуулан алхахыг минь
Араас дагах нохдын чинь дуу л бүхэнд илчилнээ, суурин минь
***
Аниргүйд би хөнгөн санаашралтай
Алиман сарнаар өгөөмөр явлаа
Эмтэрсэн бүхэнд эмтэрхий нь болж очдог байлаа
Эмгэн хүнд өвгөн болж нэгэн цагт очно гэж мөрөөддөг
байлаа
Даль нь гэмтсэн шувуунд
Далавч нь болж тэнгэрийн салхи очдог
Асгарч буй нулимсанд би
Алчуур нь болж очдог байлаа
Дундаршгүй баян болохыг
Хүмүүс надад ерөөдөг ч
Дандаа л би олсон хэдэн төгрөгөө
Хэн нэгэн хүнд очиход зориулдаг байлаа
Эмийн цагаахан үрэл шиг санаж
Элэг зүрхээ бусдад бэлэглэж явлаа
Харин одоо болсоон, очсон бүх замаасаа
Үлдсэн жаахан хүн чанараа аваад
Өөртөө зориулахаар би явлаа
Эмтэрсэн бүхний эмтэрхий нь би биш
Эрин цагийн минь хээнцэр ганган охидыг дагаж хөгшрөөд
Өвгөн болж тэдэнд очих
Өгөөмөр хөвгүүд мундахгүйн учир
Аниргүйд би муухан инээмсэглээд
Алиман сарнаар явлаа, баяртай.
Сарнаар явлаа, баяртай.
***
Хэнхдэг цээжний минь цаанаас
Хэмжээлшгүй гоёор нахиалсан модыг
Хүн бүгд л зөөлхөнийг нь гайхаж
Хуруу гараа сунгацгаадаг сан
Хамаг амьдралын хуудсуудын
Хагасыг нь эргүүлчихээд хартал
Хайр татсан модны минь мөчирт
Хурц өргөс л жадлан ургажээ
Хүрэх гэж сарвалзсан хуруунуудын
Хэнд нь ч цаашдаа таалагдахыг би хүссэнгүй…
***
Тун удахгүй би хэлгүй болно
Тэр цагт
Мянган хэлтэй бурхадын
Мэлмий туяаран баясна
Гэвч
Хэлтэй байхад минь
Тоож сонсоогүй миний яриаг
Үгүйлж эхлэх амьдрал
Үггүйгээр оршиж Үнэт санааг минь ойлгоно
Тэр цагт
Мянган хэлтэй бурхад
Хийх ажилгүй болно.
***
Цас малгайлан орохыг
Мэдээгүй мэт
Цонхны цаана
Малгайтай хүмүүс бужигнана.
***
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дуртатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна
Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дуртатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна
***
Юутай энхрийхэн минь
Дахиж хэзээ ч уулзахгүй бүсгүй минь
Даль жигүүрээ би
Бэртээгч бүхний зөнд бэлэглэсэн
Бушуухан чамдаа очих
Далавч минь одоо дэлгэгдэхгүй
Үй түмэн солонгын дотроос
Үнэмшиж дурласан солонго минь Дахиж өөрт чинь нэвтрэхээр
Өнгөлөг туяанд чинь алдрахаар
Даль жигүүр минь нисэхгүй
Далангийн намагт унаад
Дасч эхэлсээн, тэндээ
Намгийн амьсгалаар амьсгалж
Нам доорт аж төрөхөд
Хацрын чинь туяа
Хаана ч үнэгүй илбэ байсан санагдана.
* * *
Сарыг харж бичсэн
Солиотой хэдэн шүлгэндээ
Ганцаардлын тухай үгүүлдэг, би
Ганцаардахын эрхээр солиорсныг
Ганцхан шүлгүүд минь нотолдог
Олон хүнтэй газар
Удаан байж чаддаггүй би
Орчлонд нандин нэг л зүйлээ
Алдчих юм шиг санагдаад
Аль болох ганцаараа байх дуртай би
Ганцаардахын эрхээр солиорох өвчний
Хам шинж ингэж илэрдэг
Солиотой хэдэн шүлгийн минь бичигдэх
Сонгодог шалтгаан энэ болдог.
***
Аз жaргалыг би
Өмсөх хувцас адил
Өөртөө тааруулан урлахыг хүсдэг ч
Ур дутуу оёдолчин би
Өөртөө хэзээ ч тохируулж чаддаггүй
Өмсөөд үзэхэд багадсан байдаг
Ханзлан задлаад дахиад л оёдог ч
Урьдынхаасаа ч бүр богинодуулсан байдаг Орчлонгийн бүх жаргал цэнгэлээс
Оногдсон хэмжээ нь ийм хойно
Ур дутуу гэж өөрийнгөө голохоо байя
Уйтгар гунигаас жаахан зүйдэл оруулъя даа.
* * *
Арван сарын
Үүлс дээр
Цасны бурхан зогсохыг
Харму би…
* * *
Сууриндаа бол
Таваг цагаан нохойтой
Тэнэж хэсэх гудамтай
Өмөөрөх ээжтэй
Өмгөөлөх аавтай
Диний дүү
Даарч яваа ахыгаа
Дулаацуулж бодох сэтгэлтэй
Миний дүү
Цээжинд нь жингэнэх
Амин хонх зүрхэнд нь
Бүтэлгүй ахынх нь тухай
Муу муухай байдаггүй
Миний дүү…
* * *
Хэсэгхэн зуур би амьдраагүй
Хэсэгхэн зуур би дурлаагүй
Охидын сэтгэл дундуур
Орох бороо шиг очиж
Онгон танхил гараас нь
Будрах цас шиг буцахдаа
Хэсэгхэн зуур би дурлаагүй
Хэсэгхэн зуур би амьдраагүй.
***
Аз жаргалгүй
Тэнэмэл хүмүүсийн
Гандсан нөмрөгийн
Хормой шүргээгүй
Газар нутаг гэж
Хаана ч алга
Тэнгэрийн доромжлол
Хүрсэн хүн
Гуйлгачилдаг
Газрын даажигналд
Өртсөн хөл
Тэнүүчилдэг.
***
Матрын шүдэнд үлдсэн идэшний хогийг
Түүж иддэг шувуу болчихсон андыгаа
Тэнгист шавдаг шувуудаас ялгаж би танилаа
Мөрөөдөлгүй амьдарч эхэлсэн цагаасаа л ийм болтлоо
хувирч дээ, хөөрхий
* * *
Өрөөн дотуур холхих
Бяцхан сүүдэрт ч
Өнө мөнхийн тухай
Өөрийн гэсэн мөрөөдөл бий.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)