Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт их хэмжээний цас орж, зарим газраа цасны зузаан 80 см-т хүрсэн байна. Үүнээс үүдэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Ханх сум дахь нөхцөл байдлын талаар тус сумын Засаг дарга Л.Даваабаяр болон холбогдох албаны хүнээс тодрууллаа.
-Одоогоор Ханх сумд нөхцөл байдал ямар байна вэ?
Ханх сумын Засаг дарга Л.Даваабаяр: Өчигдөр өглөө 05:00 цагт цас орж эхэлсэн. Одоо зогссон, тэнгэр онгойх маягтай байна. Үндсэндээ зудын байдалтай боллоо. Зам дээр цасаар шуураагүй газраа 50 сантиметр, хонхор газар 80 см зузаан байна. Сумын төвөөс 30 км-ын зайд зам, даваа цасанд боогдсон. Сумын төвд хөдөлгөөн зогссон. Өнөө өглөө ковшоор цасыг ухаж, нарийн зам гаргалаа. Үүнээс үүдэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр өдрөөр түр зогсоох шийдвэр гаргасан. Нойтон цас учраас доош хөрсөндөө сууж байна. Үгүй бол тун хэцүү гамшгийн нөхцөл байдалд орж мэдэхээр байна.
-Энэ их цасанд хүн, малын эндэгдэл гарсан уу?
-Цасан шуурганаар төөрсөн гэр бүлийн хүмүүсийг олсон. Мөн 1 хүн осгосон байдалтай нас барсан байлаа. Одоогоор малыг бэлчээрт гарах боломжгүй байна.
-Танай суманд тог тасарсан гэх мэдээлэл байна?
-Сумын төвийн тог урд орой (2023.09.25) тасарсан, өнөөдрийг болтол ирээгүй байна. ОХУ-аас тог авдаг шүү дээ. Манайтай залгаа байх тосгонд бас тоггүй байна гэх мэдээлэл ирсэн. Мобиком зэргийн сүлжээ үе үе тасалдаж байна.
-Зам даваа боогдсон гэлээ. Малчидтайгаа яаж холбоо тогтоож байна вэ?
-Сумын төвийн давааны замыг засаж, зам гаргах ажил эхэлсэн. Хөдөө гадаанаас мэдээ мэдээлэл авч байгаа. Сумын хэмжээнд "масс мессеж" гэж бий. Энэхүү мессежээр бүх малчдадаа анхааруулга, санамжаа өгч холбооотой байгаа. Мөрөн талдаа хэцүүхэн байна. Одоо 30 км-ын радиусаас гарч, Сантын нуруугаар харанхуйлсан байдалтай байна. Мөн ойр ойрхон газар хөдөлж буй. Дөрвөн хоногийн өмнө 3,5 магниутын хүчтэй байсан бол одоогоос хоёр хоногийн өмнө 3:30 минутад 5 магниутын хүчтэй газар хөдөлж, хүчтэй доргилт мэдэрлээ.
Сумын засаг дарга Л.Даваабаяр болон албаны хүний өгсөн мэдээллийг багцалвал, 1 хүн эндсэн гэх харамсалтай явдал тохиож, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, зам жим гаргах ажлыг эхлүүлж, зарим газар өвдөг давсан цасан дундуур хүмүүс явж байгаа аж.
Харин сургуулийн зүгээс "Гэнэтийн их цас орлоо. Одоогоор хүүхдүүд өвлийн хувцастаа ч ороогүй байгаа шүү дээ. Цасны зузаан 40 см-ийг давсан. Сургууль руу орох замыг хүрзээр гаргасан. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахад хүндрэлтэй болсон учраас хаахаас өөр аргагүй болсон" хэмээлээ.
М.ДЭВЭЭЖАРГАЛ