Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, хэлцлийн дагуу БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг Монгол Улсад зохион байгуулах чиг үүрэгтэй илгээгч цорын ганц хууль ёсны байгууллага нь Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар юм.
БНСУ-ын Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, гадаадын ажилтанд авах зарим арга хэмжээг чангатгах тухай бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар удаа дараалан бусад улс оронд анхааруулсаар байгаа аж.
Тус улсад ажиллах хүсэлтэй Монгол иргэдийн бүртгэлийг жил бүр зарлан явуулахдаа:
- Хууль бусаар оршин суусан,
- Оршин суух зөвшөөрлийн хугацаандаа аливаа гэмт хэрэг, зөрчил гаргаж арга хэмжээ авхуулсан
- БНСУ-ын Элчин сайдын яаманд сайн дураар виз мэдүүлж татгалзсан хариу авсан, авч байсан зэрэг иргэдийг “бүртгүүлэх боломжгүй” гэдгийг анхааруулж, сануулсаар байхад бүртгэл хийлгэдэг байдлыг таслан зогсоохыг шаардаж байна.
Зарим иргэн энэ байдлаа нуун дарагдуулж, төрийн үйлчилгээг үргэлжлүүлэн авсаар байх, ажлын санал хүлээн авч зөвшөөрсөн хариу өгөх, Цагаачлалын албанаас цахим визийн зөвшөөрөл олгогдох үед хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулах, эсвэл ар гэр, эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлаар өөрийн хүсэлтээр татгалзах, ажил олгогчоос сонгосон ажилтандаа итгэл үзүүлэн хүлээн авах тов ирүүлэх, хил нэвтрэхийн өмнөх БНСУ-ын Цагаачлалын албаны хяналт шалгалтад “татгалзсан” хариу хүлээн авах, Монгол Улсад олгох квот жил ирэх тусам буурах зэрэг эрсдэлийг дагуулсаар байна.
Үүнээс шалтгаалан тухайн улсын ажил олгогч цаг хугацаа алдах, ажиллах хүчний дутагдалд орох, үйлдвэрлэл зогсох, санхүүгийн тооцоолоогүй эрдлүүдтэй тулгардаг.
Сүүлийн гурван жилийн байдлаар 200 иргэн “татгалзсан хариу” хүлээн авсан тоо баримт бий.
БНСУ-д ажиллахаар бүртгүүлэн улмаар Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж элэгний В,С вирустэй, тэмбүү, сүрьеэ өвчин илэрсэн, эмчлүүлсэн ч бүрэн эдгэрээгүй эмчийн хяналтад байгаа иргэнийг хасна.
Мөн явахын өмнө тухайн иргэнээс шинэ халдвар дахин илрэх, эмчлүүлэн эдгэрсэн ч БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон үзүүлэлтийг хангаж чадаагүй тохиолдолд “шууд хасах“ хүртэл арга хэмжээг Илгээгч байгууллагын зүгээс Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллах болно.
Тиймээс дээр дурдсан асуудалд ухамсартай хандаж, 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлд бүртгүүлэхгүй байхыг илгээгч байгууллага /ХХҮЕГ/-аас онцгойлон анхааруулж, зөвлөж байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар