Он гарснаас хойш 38 хүүхэд согтуу болон хариуцлагагүй жолоочийн буруугаас үүдэн хорвоог орхисон байна. Бидний бүтээж буй нийгэм ч, томчууд ч хүүхдүүдэд туйлын ээлгүй юм.
Явган хүний замаар алхаж байхдаа, зам хөндлөн гарахдаа, гэрээдээ харьж явахдаа амь насаа алдсан үрс, хүлээж суусан ар гэрийнхэнтэйгээ дахин хэзээ ч уулзахгүй нь. Бас "Аав аа, ээж ээ" гэж дуудах үрийнхээ дууг тэд ахин хэзээ ч сонсохгүй нь...
Нийслэлийн захын дүүрэгт өчигдөр (2023.09.22) зам гарч байсан хоёр хүүхдийг хурд хэтрүүлсэн 27 настай жолооч дайрч, нэг нь нас барж, нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн.
Дүрэм зөрчигчдийг дүрмийн дагуу шийтгэдэг болъё. Жолооны ард суусан бол бусдын амь насыг өөрийнхөө гарт атгалаа гэж санаж байх хэрэгтэй. Хурдаа тааруулж, анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.
Амьдралын сайн сайхан, гэрэл гэгээ, өчнөөн гэрэлт зүйлсийг мөрөөдөж амжаагүй зүрх бүхний төлөө хариуцлагатай иргэн байцгаая.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)