Эрчим хүчний шинэ эх үүсвэр барихаас нааш хэрэглээг нэмэх боломжгүй. Харин сэргээгдэх эрчим хүчний нөөц манай улсад их гэж ярьдаг ч дорвитой хөдөлсөн төсөл алга гэж судлаачид дуу нэгтэй хэлдэг. Хамгийн наад зах нь Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлэх нь “Эрчим хүчний сэргэлт”-ийн гол зорилго гэж тодорхойлжээ.
Тухайлбал, манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарж байна. Дулааны станцууд 35-60, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ.
Тэгвэл Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Дэлхий дахинд эрчим хүчний салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах шинэчлэл, өөрчлөлтийн үйл явц хүчтэй өрнөж байна. Олон улстай бид эн зэрэгцэхгүй ч тэднээс хоцрохгүй байх, хөгжлийн чиг хандлагаа өөрчилж, хөл нийлүүлэн алхах, дасан зохицох нь чухал болжээ. Үүний эхний алхмыг хүнээ бэлдэх, хуулийн орчныг сайжруулах, компанийн засаглалыг өөрчлөх, шинэ технологийг бүх шатанд дэмжих, уян хатан үнэ тариф гэж салбарын эрдэмтэн судлаачид нэрлэсэн юм.