Монгол Улс мэдээллийн технологийг эдийн засгийн голлох салбарын нэгээр нэрлээд зогсохгүй “Цахим үндэстэн” болох уриалгыг дэвшүүлээд байна.
Энэ хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгуулагыг шинэ шатанд гаргах, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар сургалтын чанар, суралцагч төгсөгчийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхээр зорьж байна.
Ингээд "Pearson" байгууллагын мэргэжлийн боловсролын олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөрийг (Pearson BTEC International Level 3) энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэллээ.
Дэлхийн 70 гаруй улс орны Засгийн газар, ажлын олгогч, мэргэжлийн холбоод, 300 гаруй их дээд сургуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тус хөтөлбөрийг төрийн өмчит таван политехник, коллеж хэрэгжүүлэх эрхээ аваад байгаа билээ.
Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт мэдээллийг технологийн ашиглалтыг чанарын болон ур чадварын өндөр түвшинд хүргэх, сургалтын агуулга хөтөлбөр, сургалтын орчныг шинэчлэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, ирээдүйд шаардагдах мэдээллийн технологийн салбарын эрэлтэд мэдрэмж бүхий мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг бий болгоход Pearson BTEC олон улсын мэдээллийн технологийн хөтөлбөр чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү хөтөлбөрийн төгсөгчид суралцагч Үндэсний болон олон улсын хос дипломтой төгсөх, олон улсын хөдөлмөрийн зах зээл шууд гаран ажиллах, 300 гаруй их дээд сургуульд элсэн суралцах, боломж нь бүрэн нээгдэх юм гэж БШУЯ-наас мэдээллээ.