Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. АШУҮИС нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын суурь боловсон хүчний 80 гаруй хувийг бэлтгэдэг сургууль юм.
Энэ жил тус сургуулийн 1-6 дугаар дамжаанд нийт 16,000 гаруй оюутан суралцаж байна. АШУҮИС нь Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгосон. Ингэснээр тус сургуульд суралцаж байгаа оюутнууд болон ажиллаж буй багш, судлаач, эрдэмтдэд мэргэжлээрээ өсөн дэвших, сургалтын чанарт маш том ахиц гарах аж.