Монгол, Хятад улсын хилийн гэрээний зарим заалт зохицуулалтаар Овоотын отрядын 5 болон 6-р заставуудын хамгаалдаг хэсэг зурвас газраас нийт 15 км.кв хавтгай дөрвөлжин газрыг БНХАУ-д шилжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Уг асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үедээ Овоотын отрядыг нүүлгэх тухай асуудал яригдахгүй хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн уг мэдээлэлд гарч буй Сулинхээрийн отрядын талаар "Тус отрядын асуудал 11 жилийн өмнө шийдэгдсэн. Шийдсэн шалтгаан нь энэ ангид 200-300 алба хаагч байрлан ажилладаг. Хилчдийн хүүхдүүдийн хичээл сургуулиас эхлээд олон асуудал тулгарсан тул тухайн үеийн Хил хамгаалах газар, Их Хурал, яамны удирдлагууд ярилцаж байгаад Сулинхээрийн ангийг одоогийн сумын төвийн ойрхон байршилд, Хатанбулаг суманд байрлуулж, үлгэр жишээ отряд байгуулсан.
Ангийн байршил шилжсэн гээд хилийн манаанд нөлөөлөх зүйл байхгүй. Хариуцсан хэсгүүддээ заставууд, харуулын байруудад хилчид 24 цаг үүрэг гүйцэтгэдэг. Бид Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас мэдээлэл авахад тэр байршилд ямар нэгэн лиценз олгогдоод уурхай ажилуулж байгаа зүйл одоогоор байхгүй" гэв.
Энэ үеэр хилийн нягтралыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт шинээр анги байгуулж байгаа. Мөн Дорнод аймагт шинээр анги барьж дууссан бөгөөд удахгүй ашиглалтад орно. Хойд хилийн гурван ангийн барилгыг байршил дээр нь шинэчлэх ажлыг ирэх оны төсөвт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн бүх заставын байрыг 2024 он гэхэд боловсон жорлон, усанд орох газартай болгох ажил явагдаж байгаа талаар мэдээллээ.