Монгол, Хятад улсын хилийн гэрээний зарим заалт зохицуулалтаар Овоотын отрядын 5 болон 6-р заставуудын хамгаалдаг хэсэг зурвас газраас нийт 15 км.кв хавтгай дөрвөлжин газрыг БНХАУ-д шилжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Тухайн мэдээллийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг Эрүүгийн цагдаагийн алба ба ТЕГ-аас олж, шалгалтын ажил үргэлжилж байгаа. Монгол Улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй.
Манай улс БНХАУ-тай 1962 онд хилийн гэрээ байгуулж 1962-1964 оноос хилийг газар дээр нь бүртгэж, 1974 онд НҮБ-д бүртгүүлсэн. Тиймээс ямар нэгэн эргэлтийн цэгийг өөрчлөх боломжгүй. БНХАУ-тай хиллэдэг бүх боомт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа.
Энэ жил бид ОХУ-тай хойд хилийн эргэлтийн цэгийг тэмдэглэж, протокол хөтлөх ажил хийгдэж байна. Мөн хойд хөрштэй хиллэж байгаа хилийн тэмдэгтүүдийг байгалийн чулуугаар шинэчлэх ажил давхар эхэлсэн. 1970-аад оны үед хийгдсэн хилийн баганууд ихэвчлэн бетонон арматур баганууд байсан нь байгалийн үзэгдлийн нөлөөгөөр гэмтсэн.
Хамгийн гол нь орчин цагийн геодезийн аргаар эргэлтийн цэгүүдийг тэмдэглэж, харилцан протокол үйлдэж НҮБ-д баталгаажуулна. Ингэснээр манай улс хоёр хөрштэйгөө хил хязгаарын ямар нэгэн маргаангүй болох юм.
Сонгууль дөхсөн болоод тэр үү сүүлийн үед улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой хохирол учруулахуйц мэдээ мэдээллийг нууц хаягаас явуулдаг, олон нийтийг зэвсэгт тэмцэл, бослогод уриалан дууддаг зүй бус үйлдэлд дүгнэлт хийж ТЕГ хяналт хийж, хуулийн хариуцлага тооцохоор ажиллаж байгаа" гэв.
Б.Хишиг
Сэтгэгдэл (2)