Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өнөөдөр албан үүргээ орлогч дарга И.Доржсүрэнд хүлээлгэн өглөө. Тэрбээр төрийн удирдлага, албан хаагчдад хандан аймаг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал дэвшүүлээд цаашдын ажилд нь амжилт хүсэв. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж хэлэхдээ “Өнөөдөр та аймгийн Засаг даргын ажлыг хүлээлгэж өгч байгаа боловч аймгийн ИТХ-ын Төлөөлөгч хэвээр байгаа. Энэ бүрэн эрхийнхээ хугацааг дуустал өөрийн өнгөрсөн гурван жилийн туршид хэрэгжүүлж ирсэн ажил, боловсруулж, баримталж ирсэн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэнд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хамтран ажиллах болно” гэлээ.
Түүнчлэн Засаг даргын орлогч И.Доржсүрэн тамга тэмдгийг гардан авахдаа “А.Ишдорж даргатай аймгийн улс төр болон төрийн захиргааны байгууллагад олон жил мөр зэрэгцэн ажиллалаа. Цаашид ч аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад та бидний хамтын ажиллагаа үргэлжилнэ” хэмээн онцлон хэллээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-т заасны дагуу Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээх үүргийг авч байна.
Сэтгэгдэл (1)