Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францисын Монгол Улсад хийх Төрийн айлчлал сэдэвт шуудангийн маркийн нээлт болж байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар үг хэллээ.
Тэрбээр "Манай хоёр улсын харилцааны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болж байна. Өнгөрсөн зургаадугаар сард Гэгээн ширээт улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Монгол Улсад албан ёсоор айлчилсан билээ. Маргааш бид Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францисыг эх орондоо хүлээн авахад бэлэн болоод байна.
Уг айлчлал нь Монгол Улс, Гэгээн ширээт улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлэхэд ач холбогдолтой үйл явдал болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийх анхны төрийн айлчлалыг мөнхөд дурсах шуудангийн маркийн нээлтийг хийж байгаад баяртай байна.
Түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, томоохон айлчлалыг тохиолдуулан Монгол шуудан компани тусгай марк гаргаж ирсэн сайхан уламжлалтай. Монгол Улсад хийх төрийн айлчлалыг тохилдуулан гаргасан марк бүтээсэн эрхэм уран бүтээлчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.
Д.Батчулуун