Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин наймдугаар сарын 29-нд Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карлос Пеньафиел Сотог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Карлос Пеньафиел Сото Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Г.Амартүвшинд гардуулж, Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдын үүрэгт ажилдаа оров.
Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Мексикийн найрсаг харилцааг хөгжүүлэх, чингэхдээ худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахын чухлыг тэмдэглээд, Элчин сайд Карлос Пеньафиел Сото-д үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.
Элчин сайд Карлос Пеньафиел Сото Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа тэмдэглэв.